Home » Амбагай хааны айлтгал: Сайхан нутгаа хайрлаж хамгаалсан хүн бүрт Хэдэн үеэрээ хүртэх хишиг буян заяадаг. Байгаль дэлхийг баллаж хаясан балгийг балчрууд хожим нь хүртэх тул бага дээр нь сэрэмжлэ. Тэнгэр та нараас өршөөл эрж эх нутгаа эх дэлхийгээ хайрла хамгаал хэмээн хичээнгүйлэн хүсэмжилж буйг дамжуулье.

Амбагай хааны айлтгал: Сайхан нутгаа хайрлаж хамгаалсан хүн бүрт Хэдэн үеэрээ хүртэх хишиг буян заяадаг. Байгаль дэлхийг баллаж хаясан балгийг балчрууд хожим нь хүртэх тул бага дээр нь сэрэмжлэ. Тэнгэр та нараас өршөөл эрж эх нутгаа эх дэлхийгээ хайрла хамгаал хэмээн хичээнгүйлэн хүсэмжилж буйг дамжуулье.

by Aurora

Өөрийн улаачаар дамжуулан Хамаг Монголын хаан Амбагай тэнгэрээс айлтгал үр сад бидэндээ илгээж байжээ.Тэрээр  хэлэхдээ: “Алд бие минь алжаавал алжаатугай ахуй төр минь бүү алдартугай” гэх эзэн Богдын ишилсэн үг эдүгээ эргэн хэрэгжих цаг. Үгийн утгыг тайлж үндэс язгуурыг нь тунгааж энхэл донхолоо арилгаж энэ сэтгэлээ ариусгаж чадвал эрчлэн ирэх аюул эгнэгт холдох болно.

 

 

Эзэн Богдын сургаалыг эгнэгт санаж эгшин байж тунгааж эрхбиш нэгийг бодож буй үрс маш олон болтугай. Маргааш гэж байдгийг умартан өнөөдрөөр амьдрах үрсэд алсын бодол аяндаа бий болж аажуу уужуу сэргэн сэхээрэх тэр мөч энэ жилээс эхлэлтэй.

Эрт сэрсэн нь төгөлдөржиж, эргэн бодсон нь сэхээ авч энэ цагийн өнгөнд биш эцэг өвгөдийн сургаал элж туулсан түүхийг нь эрх биш нэг сайн сөхвөл ирээдүй гэрэлтэй харагдах буй заа. Замын ханиа таньж захын хүнд хууртагдахгүй заяа буян нь тэгширч зам мөр нь зүгширч буй тул заримыг алгасан чухал санааг онцлон хэлье.

Эд хөрөнгөнд дулдуйдалгүй эрх ямбанд шуналгүй эх орноо хайрлаж эцэг өвгөдийн нутгийг онгон дагшинаар нь хадгалан үлдээх онцгой үүрэг хүлээжээ, үрс та нар. Үүний тулд өчнөөн саад бэрхшээл туулж, савсаг эрчүүдтэй нүүр тулан өрөөсөн нүдээ өгөх ч хэрэг гарна.

 

Сайхан чимээ гэвэл сайхан нутгаа хайрлаж хамгаалсан хүн бүрийг садан төрөлдөө ээлтэй, нутаг хошуундаа зартай эрхэм хэмээн цоллох юу ч биш. Хэдэн үеэрээ хүртэх хишиг буян заяана гэж мэдээрэй. Тэнгэр түүнийг хишиг болгон түгээж тал говь нутаг, хөвч хангай хүрэн баавгай хөвд голоо хамгаалсан үрсийг үеийн үед удмын удамд урамшуулан дэмнэх болно.

Үүнийг хүн бүр дуулсугай түгээсүгэй. Тэнгэр та нараас өршөөл эрж эх нутгаа эх дэлхийгээ хайрла хамгаал хэмээн хичээнгүйлэн хүсэмжилж буйг дамжуулье. Хичээж сонсоод хэрэг болгоорой. Хэдэн нь хэтэвчинд дэх мөнгөнд шунаж хичнээн нь ой модыг огтлон хаяж онгон дагшин байгалийг онгичин түйвээж байгаа билээ. Тэдний үр удам тэнгэрийн цаазыг хүртэх болно. Хойч үеэ хохиролгүй болгохын тулд хүн бүр өнөөдрөөс сэртүгэй сэхээртүгэй, сэрэмжилтүгэй.

Байгаль дэлхийг баллаж хаясан балгийг балчрууд хожим ч хүртэх тул бага дээр нь сэрэмжлэн бахь сүхээ хая. Байгальдаа шүтэн амьдарч, бал бурамыг нь хүртсэн бол байдалд нь буцаан сэргээхэд бас хөрөнгө бүү тат. Хүрмээ урж хаячихаад нүцгэн гүйж байгаатай адил хүн таны балгаар хүй ертөнц сүйдэж байна.

 

Хөнөөл нь харин олныг хамарч, онгорхой бүхнээр ус дүүрч орчлон дэлхий эргээд гэсгээх болно гэдгийг ухаараач. Ундны усгүй ангаж, идэх хоолгүй өлдөх болно. Эдлэн газар байвч эх дэлхий чинь эзгүйрсэн тул ямар их үнээр байгаль дэлхийгээ баллаж байгаагаа ухаарах өдөр ирэх тул урьдчилан ухааруулж байна.

Ууж идэж л байвал өөр жаргал байхгүй мэт, хутгаж хүртэж л байвал өнгө мөнгө олж л байвал орчлонг умартдаг увайгүй үрсийг уутлан авч одох цаг айсуй. Баян байсан нь барлагт хувирч барлаг байсан нь байдгаараа үлдэж байр солигдох өдөр ирнэ.

Хөрөнгө мөнгөөр хахаж, хөрс дэлхийгээ онгичсон хүн бүр өнөөдрөөс хилэнц юугаа ариусгаж, хүний төлөө хөдөлж, хөрст дэлхийн сүйрлийн эсрэг тэмцэлд нэгдэгтүн. Тэмээн жингээ зэхэгтүн. Тэнхлүүн явахдаа тэмтчин яваа нэгнээ тэтгэгтүн. Та нарын цусаар эцэг өвгөд элэнц хуланцын цус эргэж буйг ухаарч эртний өвгөдийн сургаалыг дагаж, эргэн нэг сэхээрч, эцсийн удаа анхааруулж байна. Аюутугай, Дагатугай.

Амжиж бодож, алаг үрсдээ амгалан дэлхийг орхихыг одооноос чухалчлан бодож, Амбагай хааны сургаалыг амнаас ам дамжин, айлаас айлд түгээж чадвал эрх биш эз дийлж айлчлан ирэх жил жилийн жаргалыг үзэх болно. Замилан хорвоо ч жаргах болно.

 

Замаас зайгуулууд холдож, жалгаар ногоо сугсалзах болно. Гол горхи сэргэж гольдрол нь зүгширнэ. Горимоо баригсад олширч, гох дэгээ арилна. Газрын гарц сайжирч гай зовлон холдоно. Байгаль амар байвал багачууд амгалан байна.

Илгээсэн сургаал минь энэ жилдээ хэрэгжвэл ирэх жил идээ будаа арвижан эдлэн газар ч тэлэгдэн эмх цэгцэндээ орж, ирээдүйн үрс жаргана. Амьдралын утга учир ажилтай хөдөлмөртэй амьдралтай тэмцэлтэй байдаг тул алаг хорвоо хэмээн нэрийдсэн бөлгөө.

Ахин сануулахад өмнөх жилүүдийн айлтгал хүрээгүй үрсэд хүргэсүгэй, хүслээ бас шивнэтүгэй. Хүн бүр энэ жил хүслээ шивнэхдээ өөрийн төлөө нэг өрөөлийн төлөө хоёр үйлийг бүтээхийн төлөө хүчлэн ажиллаарай. Хүрэх оргил холгүй шүү.

Хүн бүрт тэнгэрээс чимээ ирнэ тэр нь чамд таньд итгэж илгээсэн тэнгэрийн даалгавар байх болно.  Түүнийг тунгаан бодож тус тусынхаа ажил үйлд тусгаж чадвал тэнгэрийн хүү гэдгээ баталж, эцэг өвгөддөө төдийгүй үр удамдаа илгээх таны хамгийн том тус байх болно. Хичээсүгэй. Хэлцтүгэй. Дагатугай!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Амбагай хааны айлтгал

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!