Home Амьдралын хэв маяг ОР ДЭРНИЙ СОЁЛ: Өөдлөх хүн өглөө эрт сэрдэг юм. Сэрсэн л бол шалав босох хэрэгтэй

ОР ДЭРНИЙ СОЁЛ: Өөдлөх хүн өглөө эрт сэрдэг юм. Сэрсэн л бол шалав босох хэрэгтэй

by Aurora

Хэчнээн жаргалтай байвч орондоо дуулдаггүй. Хэчнээн зовлонтой байвч орондоо уйлдаггүй гэдэг. Хүний унтаж амрах ор дэр бол тайван амгалан илч энерги шингэсэн байх учир ор дэрээ ихэд хүндэтгэн үзнэ. Уйлахгүй ч дуулж яагаад болохгүй гэж гэсэн асуулт гарч ирэх магад.

 

Унтаж амрах зориулагдсан орчин тул тэнд дуулж хуурдах юм бол өнөөх амгалан тайван орчин бүрддэг суурь оршихуй үгүй болчихно гэсэн үг. Нөгөөтэй хаа дуртай газраа дуулж хуурдаж үл болно гэсэн дуу хуураа хүндэтгэсэн давхар сургамж явж буй билээ.

Шөнө унтахдаа ор дэвсгэрээ маш цэвэр цэмцгэр тэгшхэн засаж унтаж бай гэж сургадаг. Айлын орон дээр зөвшөөрөлгүй суух нь ёс зүйгүйн шинж. Ор дэр гэдэг бол машид ариун нандин орчин учир шороо тоостой хааш яйш гадуур хувцастай орон дээр суух нь тун зохисгүй хэрэг. Яахав ээ, гэрт олон хүн цуглараад сандал суудал олдохгүй үед бол сууж л таарна.

Гэхдээ айлын эхнэр болон тухайн гэр бүлийн хэн нэгэн гишүүнээс зөвшөөрөл хүсээд сууж болно. Унтаж амрахаар нэгэнт орондоо орсон л бол хэрүүл маргаан хийдэггүй. Тэр ч байтугай муу муухай зүйлс бодолгүй дагтан амар амгаланг бясалган тайваржих учиртай. Тэгж гэмээнэ сайхан унтаж амарна.

 

Орондоо өндийж сууж хоол унд аливааг идэж уух, орныхоо өмнө аяга таваг, халбага сэрээ зэргийг тавих нь өвчтэй зовлонтой хүний шинж хэмээн ихэд цээртэй. Өглөө босоод ор дэрээ хөглөрүүлж орхилгүй түргэхэн шиг хурааж янзлах хэрэгтэй.

Ор хурааж засахад бас учир бий. Хураахдаа доороос нь дээш нь эвхэж хураадаг. Өөд болсон хүний ор дэрийг бол дээрээс доош нь эвхэн хураадаг ёстой. Ор дэрээ хөглүүлж хаяад ажилдаа гарвал ажил төрөл бүтэхгүй хэмээдэг сэн. Түүнийг дагаж явдаг сэтгэлийн заяач нь орондоо үлдчихдэг учир тухайн хүмүүний тэр өдрийн ажил тийн бүтэлгүйтдэг гэдэг сэн.

Өглөө орондоо хоргодож удаан хэвтэх муу ёр, сэрсэн л бол үтэр босож бай гэж хэлдэг сэн. Өөдлөх хүн өглөө эрт сэрдэг юм. Сэрсэн л бол шалав босохгүй бол мөн л заяа чинь хаяна гэх мэтээр ээж минь зэгсэн үглэдэг байв. Санаж сэрэх өөдлөхийн шинж.

 

Унтаж хэвтэх уруудахын дохио гэх зэрэг.  Тэдний хүүхдүүд өглөө эрт босохыг яана! Ай, даа хэт нь их л сайн сайхан явцгаах юмдааг гэх мэтээр айлын хүүхдүүдийг хажууд илт магтаад байхаар, Намайг өөр айлын ээж бас ингэж хэлэх болов уу гэсэн бодол битүүхэн тээсхийж өглөө эрт босохыг завдах нь хүүхдийн зан.

Өглөө босохдоо уйлдаг эмэгтэй хүүхдийг “эхдээ харш” эрэгтэй хүүхдийг “эцэгтээ харш” хэмээн нэлээн зэгсэн зэвүүцэж хар малгайгаар шавхуурдаж домнодог. Мөн сэтгэл зүйг нь аль болох ойлгохыг хичээн, юу бодогдоод, ямар учраас уйлсныг эвтэйхэн шиг асууж лавлах нь зөв.

Тухайн хүүхдийн зүүд зөн эвгүйтэж ээж, ааваа үхэж байна гэх ч юм уу, муухай амьтан авах гээд байна гэх бий вий! Энэ бол амьдрал дээр тохиолдож болох зүйлсийн нэг мөн. Хүүхэд эцэг, эхийнхээ амь насанд цөв суусныг соргогоор мэдчихдэг аж. Түүнийг эцэг эхдээ харш муу ёрлов гэж хүүхдээ загнахаас илүү тэрхүү аймшигт үйлээс зайлсхийх арга чарга хайх нь чухал. Хүүхдэд ямар буруу байхав дээ.

Хүүхэд бол маш зөн совинтой. Тэгээд болохгүй бол хүүхдээ ширгэлэн аргадаж гэр орондоо сайхан үнэртэй агь ганга, арц хүж унгасгаж, ор дэрээ ариутган, хүүхэддээ галын дөл харуулж, гал голомтоо тахиж, муу муухай хар зүгийн зүйлсийг зайлуулах талаар арга хэмжээ авдаг учиртай. Энэ нь ор дэр, гэр орон сэвтлээ гэж үзсэн учир тэр. Түүнийг хүүхэд хамгийн түрүүн олж мэддэг.

 

Ор дэрээ пөнбийлгөж хүн унтаж байгаа юм шиг болгож орхидоггүй. Тэнд хий юм орж хоргоддог гэнэ. Орондоо ороод үр хүүхдүүддээ үлгэр ярьж өгөөд унтуулдаг заншил бол эрт дээрээс байсан болов уу гэж бодогдоно. Үлгэр уран зохиол сонссон хүүхдийн зөн билэг хийсвэр сэтгэлгээ, хөгждөг. Гагцхүү орондоо орсон хойно нь ярьж өгдөг нь бас учиртай санж.

Орондоо ороод гэрэл гэгээ унтарсан үед бол хүүхэд дүрслэн бодох мэдрэмж нь хамгийн сайн орчин тул уран зохиолын өндөр мэдрэмжийн уг сурвалж болох уран сэтгэмж нь хөгждөг ажээ. Гэр бүлийн хос хоёр өдөр нь муудалцсан байлаа ч ор дэрэндээ ороод эвсдэг.

Хэрэв зээ орондоо орсон хойно хэн нэгэндээ туньж хэрүүл зодоон хийх нь гэр оронд хэрүүлийн бузар үүрлэж улмаар гэр бүл салж сарнихдаа хүрнэ гэж ихээхэн цээрлэж иржээ. Иймд хэн хүмүүсийн унтаж амардаг ор дэр гэдэг бол амьдралын хамгийн ариун нандин орчин гэлтэй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: “Монгол Ахуй Өв Соёл” номоос.

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!