Home » Бусдад сэтгэлээсээ хийсэн буян тухайн хүндээ эргэж ирдэг

Бусдад сэтгэлээсээ хийсэн буян тухайн хүндээ эргэж ирдэг

by Aurora

Энэ явдал Японд болжээ. Токио хотын нэгэн сонинд “Эцэг эхээ зарна. Эцэг 70 настай, эх 65-тай. Үнэ 1000 йен!” гэх утгатай зар гарч гэнэ. Зарыг олж үзээд зарим хүн “Ямар гээч цаг үе ирэх нь энэ вэ! Үр хүүхдүүд нь эцэг эхээ зардаг болчих гэж…” хэмээн дуу алдаж, зарим нь “Төр засаг юугаа хардаг байна аа?” гэхчилэн бухимдав гэнэ.

 

Тэрхүү жигтэй зарын талаар хүмүүс гадаа, гэртээ, ажил дээрээ гээд хаа сайгүй л ярилцаж байсан гэнэ. Товчхондоо тэр зар бөөн шуугиан тарьсан юм байх. Автын ослоор өөд болсон эцэг эхээ оршуулаад удаагүй байсан залуухан хос мөнөөх зарыг бас олж үзэж гэнэ.

Эцэг эхээ алдан уй гашууд автаад байсан тэдний хувьд “эцэг эхээ зарна” гэх зар хүний санаанд багтамгүй доромжлол мэт санагджээ. Үр хүүхэд нь өөрсдийг нь зарах гэж байгааг мэдээд хоёр хөгшинд ямар санагдсан бол гэхээс л залуу хосын зүрх зүсэгдэх шиг болж гэнэ. Тийм үр хүүхэдтэй байгаад яах ч юм билээ? гээд тэд, хоёр хөгшнийг хажуудаа авч төрсөн аав ээж шигээ хайрлан халамжлахаар болов.

Ингээд тэд мөнгөө тааруулж аваад зарын дагуу яваад очтол өмнө нь цэцэг навчисанд умбасан тансаг байшин байж гэнэ. Залуу хос “Зар алдаатай байсан юм болов уу? Юу ч гэсэн асууж үзье… “ гээд хаалгыг нь тогшив гэнэ. Удсан ч үгүй нэгэн хижээл насны, нүдэнд дулаахан эрхэм хаалгаа тайлж өгсөн байна. Залуу хос түүнд ямар хэргээр яваагаа танилцуулаад “Бид хоёр хаяг андуурсан бололтой… танд төвөг учруулсан бол уучлаарай” гэв.

 

Тэгтэл мөнөөх эрхэм ихэд уриалагханаар:  Та хоёр хаяг андуураагүй… алив, наашаа орооч! Би одоохон эхнэрээ дуудаад ирье гэх нь тэр. Тэгээд төдөлгүй эхнэрээ дагуулсаар эргэж ирээд: Бид хоёр энэ байрны эзэд. Бид өөрийн гэсэн үр хүүхэдгүй улс тул насны эцэст энэ байр болон бусад хөрөнгөө сайн хүмүүст өвлүүлж үлдээе гэж санаад сонинд зар өгсөн юм.

Тийм жигтэй зард зөвхөн сайхан сэтгэлтэй хүн л хариу өгнө гэж бодсон юм л даа. Хоёр хөгшнийг авах хүн гарахгүй байх гэж бид хоёр битүүхэндээ айж байлаа шүү… тэгтэл та хоёр ингээд хүрээд ирдэг! Та хоёр бол бидний хөрөнгийг өвлөж авах хүмүүс яг мөн гэдэгт эхнэр бид хоёр итгэлтэй байна” гэжээ. Бусдад сэтгэлээсээ хийсэн буян тухайн хүндээ эргэж ирдэг нь энэ биз ээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

 

Эх сурвалж:  Uka Ulziibat

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!