Home » Энэ хорвоод тохиолдлын юм гэж үгүй…

Энэ хорвоод тохиолдлын юм гэж үгүй…

by Aurora

Хэсэг сүнс дугуй ширээ тойрон суугаад хожмын амьдралдаа ямар эрдэмд суралцмаар байгаа талаар ярилцаж байв. Нэг зоримог төрхтэй охин сүнс босч ирээд: Би бусдыг уучилж сурахын тулд хорвоод хүн болж төрмөөр байна. Надад туслах сүнс байна уу? хэмээн шийдэмгий асуулаа. Энэ үгийг сонсоод бусад нь түүнийг ихэд өрөвдсөн, мөн айсан байдалтай:

 

Энэ бол хамгийн хүнд эрдмийн нэг. Чи нэг амьдралын дотор бүрэн сурч амжихгүй ч байж мэднэ. Чи маш ихээр зовж шанална. Чамайг бид үнэхээр их өрөвдөж байна… Гэхдээ бид чамд хайртай тул тусална аа гэцгээв.
Нэг сүнс: “Би чамтай хамт дэлхий дээр бууж, эр нөхөр чинь больё.

Миний буруугаас болоод манайх гэдэг айл ихээхэн зовж зүдэрнэ. Тэр цагт чи намайг уучлаарай…” гэв.
Өөр нэгэн сүнс уртаар санаа алдаад: “Тэгвэл би аав ээж хоёрын чинь нэг болж, хүүхэд насыг чинь тэсэхийн аргагүй болгож өгье. Тэгээд болоогүй, чамайг насанд хүрсэн хойно амьдралд чинь байнга оролцож, хамаг тэвчээрийг чинь барж байя. Тэр цагт харин чи намайг уучилж байгаарай….” гэв.

Гуравдахь сүнс: “Харин би дарга нарын чинь нэг болж чамайг байнга ад шоо үзэж, нүд үзүүрлэж байя. Тэр цагт чи намайг зөвөөр ойлгон уучилж байгаарай…” гэв. Энэ мэтчилэн өөр хэд хэдэн сүнс мөнөөх охин сүнстэй амьдралынх нь өөр өөр үед таарч, түүнд бусдыг уучлан өөршөөх эрдэм ухаанаа бататгахад нь туслахаар болов.

 

Ингээд сүнснүүд өөр өөрийн дүрийг сонгон аваад охин сүнсний заяа төргийг зурж дуусган, түүнийг нь бодит амьдрал болгохоор дэлхий дээр бууцгаав. Сүнснүүд нэгэн онцлоготой нь тэд хорвоод хүн болж төрөхдөө өмнөх ой санамжаа бүрэн алдсан байдаг. Тийм ч учраас энэ хорвоод тохиолдлын юм гэж нэгээхэн ч байдаггүй, бидний амьдралд хүмүүс ямар нэгэн үүрэг зорилготой ирдгийг мэддэг хүн цөөхөн байдаг ажээ…

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж:  Uka Ulziibat

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!