Хүн төрсөн даруй даа үнэрийн ертөнцтэй золгодог. Нутгийн үнэр, ээжийн минь үнэр шингэсэн дээл, сүүний үнэртэй нялхас гэж ярих бүрт бидний ой тоонд гүн бат мөрөө үлдээсэн дурсамж сэргэдэг. Үнэр гэдэг ийм л хүчтэй. Хүний амьдралд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол яахын аргагүй үнэрлэх мэдрэхүй.
Түмэн зүйлийн амьтай, амьгүй зүйлсээс бүтсэн дэлхий дээрх үл мэдэгдэм, хурц, тааламжтай, эвгүй гээд төрөл бүрийн үнэр биднийг тойрон байдаг. Үнэр биднийг удирддаг талаарх баримт нотолгоо. Хэрэгтэй сэтгэл хөдлөлийг төрүүлэх, анхны сэтгэгдэл төрүүлж хосынхоо анхаарлыг татах үнэр нь өөр юу хийж чадах вэ?
Бид үнэр мэдрэх үед түүний молекулууд даавар ялгаруулдаг өнчин тархинд нэвтэрдэг. Ингэж үнэр нь дааврыг өөрчилж чаддаг аж. Үр дүнд нь тодорхой сэтгэл хөдлөл ба үйл хөдлөлийг өдөөх юм. Зарим үнэр тайвшруулж, зарим нь баяр хөөртэй болгодог санаанд багтамгүй байж болох ч үүнийг шинжлэх ухаан баталчихсан.
Ямар нэгэн сайхан үнэрний тусламжтайгаар бүтээмжээ нэмэгдүүлж, баяр хөөр нэмж, эсвэл тайван нойрсож болно. Сэтгэл хөдлөлдөө тааруулж гоо сайханы бүтээгдэхүүн ба бие арчилгааны бүтээгдэхүүн сонгож хэвшээрэй.
Дэлгүүр, нисэх буудал, ажлын байран дахь үнэртэн хөгжүүлэлтийн бүхэл бүтэн салбар байдаг.
Учир нь эфирийн тоснуудын зөв хослол ажилчдын анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх эсвэл худалдан авалтыг дэмжих чадвартай. Хүний биед ойролцоогоор 10 сая үнэр мэдрэгч рецепторууд байдаг. Тэдгээр нь хэдэн триллион үнэрийг ялгах чадвартай. Биднийг ойлгож амжихаас ч өмнө бидэнд нөлөөлж чаддаг.
Үнэртэн зохион бүтээгчид үнэрлэх чадварт суралцдаггүй, төрөлхийн авьяасын тусламжтайгаар үнэртэн бүтээдэг гэсэн ташаа ойлголт байдаг. Гэхдээ энэ худлаа юм, тэд олон жилийн турш тархиндаа үнэртний цагаан толгойг бүтээхэд суралцдаг. Үнэрлэх нь бусад мэдрэхүйгээс илүү хурдан тархинд мэдээлэл дамжуулдаг: энэ нь бид үнэрийг дуу чимээ эсвэл хүртэхүйгээс түрүүлж мэдэрдэг гэсэн үг юм.
Хүнд анхны сэтгэгдэл төрүүлэх түлхүүр бол өөртөө итгэлтэй яриа, загварлаг хувцас болон инээмсэглэл гэж бид андуурдаг ч үнэндээ харилцаж буй хүн тань үнэрийг түрүүлж мэдэрдэг байна. Мэдэрч буй сэтгэл хөдлөлөөс нь хамаарч хүний үнэр өөрчлөгддөг. Айдас, баяр баясгалан, аз жаргал, түгшүүр – эдгээр бүх сэтгэл хөдлөлүүд бүгд өөр өөр үнэртэй. Хамрын ханиадны үеэр хоол амтгүй санагддаг биз?
Үнэндээ амтлах мэдрэхүйн 80%ийг үнэр хариуцдаг: бид үүнийг бараг мэдэрдэггүй, хоолыг зөвхөн бүтцээр нь ялгадаг байна. Үнэр бол мэдээлэл хадгалагч, зөөгч юм. Амьтдыг бодвол хүн үнэрлэх чадварынхаа ердөө 10% ажиллуулдаг. Гэхдээ зарим онцгой тохиолдолд хүн ер бусын үнэрийн ертөнцийг мэдэрдэг.
Балар эртний үед үнэрлэх чадвар ертөнцийг таньж мэдэх гол хэрэгсэл байж. Иймээс хамар нүүрний голд байрласан юм. Хамрынхаа ачаар өвөг дээдэс маань хоол хүнсээ хайж, өөрийн болон дайсны нутаг дэвсгэрээ зааглаж, агаарт буй аюулыг мэдрэн, бэлэн буйгаа илэрхийлдэг байжээ.
Ер нь хамраар дамжин тархинд очих импульс өвдөлтөөс илүү хурдан мэдрэгддэг. Нялх хүүхдүүд эхээ хараагүй, сонсоогүй байж, үнэрээр нь мэдэж таньдаг. Эмэгтэйчүүд төрсний дараа өөрийнхөө хүүхдийг үнэрээр нь ялгаж таньдаг.
Зарим эрдэмтэд хүн бүр өөрийн өвөрмөц үнэртэй байдаг гэж үздэг. Тэднийхээр бол хүн нь ген, арьсны төрөл, үсний өнгө, зан ааш авир, хоолны дэглэмээр тодорхойлогдсон синтетик болон төрөлхийн үнэртэй гэнэ. Үнэрийг хэдэн бүлэг болгон ангилж болно.
Ханиа олоход үнэр их чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэй хүн өөрийнхөө генийн гинжээс огт өөр эр хүний үнэрт илүү татагддаг гэнэ. Хүний үнэр бол түүний хөлсний үнэр гэж бид үздэг. Гэтэл үнэндээ хөлс ямар ч үнэргүй аж.
Хоёр долоо хоног усанд ороогүй байсан ч энэ бол хүний хөлсний үнэр биш харин биен дээрх хөлсийг хувиргаж өөрчилдөг бичил биетүүдийн үнэр юм.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.