Сахарын өлөнгөө хэрхэн дарах вэ? Сахар буюу энгийн нүүрс усны хэт их хэрэглээ нь бидний эрүүл мэндэд маш хор хөнөөлтэй. Харамсалтай нь бид мэддэг ч ихэнхдээ өөрсдийн хүслээс үл хамааран хохирогч болдог. Учир нь бидний хүслээс үл хамааран, бидэнд үл мэдээлэн, маш олон хүнсний бүтээгдэхүүнд сахарыг маш ихээр нэмсэн байдаг. Тэр нь олон янзын нэр, кодоор бичигдсэн байдаг нь бас л нэг үйлдвэрлэгчийн арга юм.
Ямар ч гэмгүй харагдах ёогурт, хатаасан болон лаазалсан жимс, өглөөний цайны овъёосны бүтээгдэхүүн, гээд бараг л бүх зүйлд сахар орсон байдаг. Энэ бүхнийг үл мэдэн, нүдэн дээр байгаа сахараас аяга цай, кофендоо хэр нэмж байгаагаар өдрийн хэрэглээний нүүрс усаа тооцоолж болохгүй нь. Бусад бүтээгдэхүүнд буй сахарын хэмжээг харж тооцоолж байж л үнэнд дөхсөн тоо гарна.
За тэгээд дахин бүхний мэдэх сахарын хэт хэрэглээний сөрөг үр дагаврыг дурдая гэхдээ товчхон… Илүүдэл жин, үүнээс хамаарч цагаас өмнө хөгшрөлт, бодисын солилцооны хямрал, эцэстээ хорт хавдрын өвчлөл… Тэгэхээр үүнийг бичихийн гол зорилго минь энгийн нүүрс усны хэрэглээг аль болохоор багасгахыг л та нартаа сануулах гэсэн юм.
Эмэгтэйчүүдийн 85 орчим хувь, эрчүүдийн 70-аас доошгүй хувь нь сахараас хамааралтай байдаг (Европт) гэсэн судалгаа байдаг. Үүнээс хэрхэн өөрийгөө хамгаалах вэ? Яаж тэр сахарын өлөнг дарах вэ? Хамгийн энгийн, гарын доорх аргаас дурдая. Хүн бүрийн мэдэх чиа үр (chia seeds).
Энэ нь олон эрдсээр баялаг гэдгийг бүгд мэдэх. Гол нь уусдаг эслэгийг агуулсан учраас гэдсэнд ороод задарч хөөж эзлэхүүн нь нь нэмэгдсэнээр өлсөх мэдрэмжийг дарж чаддаг. Энэ нь биднийг чихэрлэг зүйл рүү гараа сунгах хүслийг дарахад тусладаг.
Гэрийн нөхцөлд хийдэг элгэн тараг. Харин дэлгүүрийн иогурт биш шүү. Тараганд Lactobacillus ихээр агуулагддаг ба энэ нь өлсөлтийн даавар буюу ghrelin-ийг тэнцвэржүүлдэг байна. Ингэснээр бидний чихэрлэг зүйлд шунах өлөнг дарж харин эрүүл өлсөх мэдрэмжийг дэмждэг аж.
Өндөг тогтмол хэрэглэх нь сахараас зайлсхийх бас нэг шилдэг арга гэнэ шүү. Түүний баялаг уураг нь мөн л өлсөлтийн дааврыг дарангуйлж чаддаг байна. Эцэст эрүүл хөрсөнд ургасан эх орны ногоо жимс нь бидний сайн туслагч нар юмсанжээ. За тэгээд авч буй бүтээгдэхүүн бүрийнхээ орцонд нүүрс усны хэмжээ хэр их байгааг хараад сурчихвал зүгээр байдаг шүү…
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах