Home » Эд эвдрэхийг хайрлана Эв эвдрэхийг үл хайрлана Салалцаад гаслалдана Учралдаад хууралцана Хүний муу хэлэхээс айна. Сүнс зовохоос үл айна

Эд эвдрэхийг хайрлана Эв эвдрэхийг үл хайрлана Салалцаад гаслалдана Учралдаад хууралцана Хүний муу хэлэхээс айна. Сүнс зовохоос үл айна

by Aurora

Гурван эрдэнэд итгэнэ. Хязгаар газрын нэгэн хүн (төр гэрэлтийн) тавьдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь:
Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асуув. Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл – Хямд гэв. Бас өөр хийхэд хямд юу вэ? хэмээвэл – Муу үйл хямд гэв. Ямар юм цөөн бэ? хэмээвэл
– Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.

 

Ямар юм олон бэ? хэмээвэл – Сэрэмжгүй муу заяатан олон гэв. Ямар юм муухай вэ? гэхэд – Үл мэдэгч муухай гэв.
Юу сайхан бэ? гэхэд – Саруул ухаан сайхан гэв. Юу хортой вэ? гэхэд – Өст сэтгэл хортой гэв. Юу тустай вэ гэхэд?
– Сайхан сэтгэл тустай гэв Юу худал вэ? гэхэд – Энэ нас худал гэв.

Юу үнэн бэ? гэхэд  – Гурван эрдэнэ үнэн гэв. Юу муу вэ? гэхэд – Хүний номгүй нь муу гэв. Юу сайн бэ? гэхэд
– Чин зориг сайн гэв. Энэ цагийн хүний жам ямар вэ? гэхэд – Аяа, аяа хохой, энэ цагийн хүний явдлыг санах тутам
Ертөнц лүгээ нөхцөхийн чагтага тасран, зүрх догдлох мэт энэ бөлгөө.

Бурхныг тахиснаар сууж тээршаана. Номыг сонссоор сууж уйдна. Хуврагтай ханилсаар сууж боолоо хийнэ. Өөрийн бол нохойг ч болов өмөөрнө. Бусдын бол бурхныг ч болов орхино. Баялаг бол дайсныг ч болов аргадна. Гуйрамч бол эцэг эхийг ч болов орхино.

 

Олзтой бол биеэ ч болов хөлсөлнө. Зориг үгүй бол буянаас ч болов зайлна.  Дурлавал мэдсээр байж хулгайг ч болов бахадна. Зохиолдвол адтай ч болов нөхөцнө. Буруудвал дээдсийг ч болов доромжилно. Хэрэглэвэл амраг саднаас салахуйд ч үл зовно.

Эс хэрэглэвэл тангаргаа эвдэвч санаа амар сууна. Дагавал хов үгээр ч болов болно Зөрчвөл хааны цаазаар ч болов давна Аяа бас, Зарим мэргэд номыг мэддэг гээд алдрыг эрнэ. Зарим ноёд эрхийг олоод дайсныг хураана. Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ. Зарим эр атаа заргаар юмаа барна. Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно. Аяа бас, Шавь хүн ламыг үл ойшооно.

Түүнчлэн хөвгүүн нь эцгийн үгийг үл сонсоно. Хүүхэн хүн эхийн сургаснаар үл явна. Шавь хүн ламаас ноёдыг илүү хүндэлнэ. Хөвгүүн хураахаас тараахыг үйлдэнэ Хүүхэн хүн эцэг эхээс эрийг илүү өргөнө. Залуу нь хөгшнөө басна. Хөгшин нь залуугаа үл тооно. Идрүүд нь хал барина. Мунагсад нь далд орохыг хүснэ. Аяа бас, Үйлийг өр мэт үл санана.

 

Номыг самуун үг мэт үл дурсана. Үхэхийг унтахын төдий үл санана. Рашааныг умдааны төдий үл хэрэглэнэ. Судрыг мөнгө мэт үл хадгална. Сайн үгийг сонсовч мартана. Муу үгийг алба мэт зарлана. Авах бол уул мэт боловч чамлана. Өгөх бол нэг цэн ч болов харамлана. Цухалдвал өөрөө ч болов боож үхнэ. Нөхөцвөл хүний төлөө байх юмаан ч бол орхино

Буяныг худалдааны төдий үл хэрэглэнэ Хилэнцэт үйлэнд аяндаа мэрэгшинэ. Итгэсэн саднаас уурлавч салж үл чадна
Энэрэгч ламыг дуудавч зайлна. Чөлөө үгүй боловч жил бүр будаа авахаар явна. Чөлөө байвч авралын оронд мөргөхөөр үл явна. Дээдсийн асуувч үл хэлнэ. Амрагаа эс асуувч шивнэнэ

Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ. Өөрийн гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ. Дээдэстэй зөрчинө
Нөхөдтэй тэмцэнэ Доордсыг дарлана Аргатай нь авна Аргагүй нь алдана Сайн хүн ганцаардана Шалиг хүн омогтой болно Олонтой учрахдаа ярина Ганцаар явахдаа дуулна Үнэн үгтэн омогтны тоонд орно Башир үгтэн цэцний суудалд сууна

 

Эд эвдрэхийг хайрлана Эв эвдрэхийг үл хайрлана Салалцаад гаслалдана Учралдаад хууралцана Хүний муу хэлэхээс айна. Сүнс зовохоос үл айна Зововч хичээлийг мал жин хоёрт гаргана Жаргах боловч шамдлыг итгэл уншихын төдий үл үүсгэнэ Аяа бас, тусын хариуд хор хийх хүн олон буй Ачийн хариуг мэдэх хүн цөөн

Хилэнцийг мэдэвч хийх хүн олон Номыг мэдэвч бүтээх хүн цөөн Сүсэглэвч зарлигийг үл авах хүн олон Гэмтнийг үзэвч хагацаж чадах хүн цөөн Зовлонг танивч үл сэхээрэх хүн олон Жаргалыг хүсэвч сайн явах хүн цөөн Зусар үг хэлбэл баярлагчид олон

Өөрийн гэмийг хэлбэл үл гомдогчид цөөн. Эрхэлж муу үгээр тогловол хадгалагчид олон Энэрч харамгүй сургавал авагчид цөөн Аяа бас, адис авахын урьд сайн мууг харна Эрдмийг авахын урьд гэмийг шинжилнэ  Албанд явахын урьд өөлж туршина Өөрөө гарсны сүүлд юу гэхийг туршина Хүнд өгөхийн урьд үгүй хэмээн туршина

 

Хүнийд очихын урьд хэн буйг асууна Сүжиглэхийн хамт сэжиг төрнө. Эрдмийг эрэхийн хамт гэмийг эрнэ. Саданд учрахын хамт дайсныг асууна. Амгаланг бүтээхийн хамт зовлонг үүсгэнэ. Үнэн үг хэлэхтэй хамт худлаар чимнэ. Нэг зөв явахтай хамт хэдэн буруу явна. Аяа бас, Хариугүй өглөг үл өгнө. Харгүй сайхан сэтгэлээр үл санана.
Атгаггүй амархан сууж үл чадна. Аргачлалгүй явдал үл явна Юмыг тоололгүй алба үл гаргана

Зүгээр суугаад, алдрын төлөө эд мал зарагчид олон Өвдөж сандравч хайргүй өргөгчид цөөн Муу үйл үйлдээд үл гэмшигчид олон Сайн явдлыг яваад баярлагч хүн цөөн Аяа бас, Хүндлэлийг ямба хэмээнэ.
Ёсыг алба хэмээнэ. Ихэстэй учирвал зусардахыг бодно. Энгийн нөхөртэй учирвал үг авахыг бодно…

Говийн ноён хутагт Д.Данзанравжаа “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаал оршвой

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!