Home Амьдралын хэв маяг Олон “болохгүй”-н дунд өссөн хүүхэд амжилтанд хэзээ ч хүрэхгүй

Олон “болохгүй”-н дунд өссөн хүүхэд амжилтанд хэзээ ч хүрэхгүй

by Aurora

Бид ч олон “болохгүйн” дунд өссөн дөө. Яагаад гэдгийг нь огт мэдэхгүй, хэн ч тоймтой тайлбарладаггүй, нэг л их болохгүй гэдэг айдаст баригдсан улсууд…

Хэрвээ чи яг ингэж өсөөд одоо насанд хүрч, үр хүүхэдтэй болсон бол хүүхдээ яг тийм байдлаар өсгөх үү? Тэр ер нь хэр их ухаалаг арга юм бол?

 

Ингэж өссөн хүн хэт ноомой, аливааг олж мэдэж, ойлгож ухаарахыг ч хүсэхгүй хүн болдог гэдэгтэй санал нийлэх үү… Бяцхан торонд багтаж ядан агсрах, өчүүхэн шалтгаанд ч галзууран догшрох араатан мэт этгээд болчих юм биш биз?…

Чи одоо ч гэсэн шинэ зүйл туршиж үзэх, хэн нэгнээс юм асууж лавлах гэхээр болохгүй байх гэдэг дотор хүн чинь саад болдог уу… Эсвэл эсрэгээрээ болох эсэхийг нь ч асуулгүйгээр бусдын биед хүрдэг, эд хөрөнгө, орон зайд нь халддаг, тэгээд тэрийгээ хэвийн зүйл мэт боддог уу… Тэгвэл тэр чинь бага насандаа олсон сэтгэлийн айдсын хожмын үр дагавар байх магадлал өндөр шүү… Тиймээс хүүхдээ бас яг тийм болгохгүй байхыг хичээх хэрэгтэй.

 

Хүүхдийг тэгж багаас нь зүрх зоригийг нь мохоож халирааж өсгөж болохгүй. Хожим нь хэн ч биш, юунд ч хүрдэггүй, хайрлаж хайрлуулж ч чаддаггүй нэгэн болох магадлалтай. Бас айлгахгүй ч гэсэн аливааг хэтрүүлэн худал тайлбар өгч, нэг үгээр хэлбэл хуурч болохгүй. Тэгвэл та ч хүүхэддээ үнэ цэнээ алдана, хүүхэд чинь ч бас хүнд итгэж чаддаггүй, эсвэл хуурамч нэгэн болчих боломжтой.

Тэгэхээр ухаант хүнтэй, нухацтай харьцаж байгаа мэтээр, үр хүүхэддээ аливааг болохгүй гэдгээр амыг нь таглалгүй, учир шалтгааныг нь, болгоомжгүй үйлдэл хийхэд нь яагаад болохгүй тухайг нь шууд, бас энгийнээр тайлбарлаж өгч байж хүүхэд тань ухаалаг, нийгэмшсэн, бас нийтэч хүн болж төлөвшдөг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!