Home » Хүүхдийг аль болох эртээс бие даалгаж сургах нь хамгийн зөв юм

Хүүхдийг аль болох эртээс бие даалгаж сургах нь хамгийн зөв юм

by Aurora

Ер нь хараад байхад хүн эртнээс л өөрийгөө танихыг хичээх нь зөв юм байна аа. Бидний ихэнх маань бүх амьдралаа хэн нэгнээр ( ихэвчлэн эцэг эх) хэлүүлж, тэдний л зааж хэлсэн замаар явах, тэдний л өнцгөөр хорвоог харж ойлгож амьдрах нь нэг талаасаа зөв байж болох ч нөгөө талаар тухайн хүн маань үнэхээр сэтгэлийн аз жаргалыг мэдэрч, өөртөө, амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байж хорвоог туулдаг нь хэд бол.

 

Мэдээж аав ээж, ах дүүс, ахмад настны үг сургаалыг сонсолгүй яахав. Тэд мэдээж бидэнд өөрсдийн л мэдэх хамгийн сайн сайхныг хүсэж таараа. Харин хүн бүхэн дахин давтагдашгүй бодгаль. Тэгэхээр бүгд өөрсдийн арга зам, онцлогоор аз жаргал гээчийг амталж мэдрэх нь ойлгомжтой. Хүүхдийг аль болох эртээс бие даалгаж сургах, өөрөөр нь шийдвэр гаргах боломжийг олгох, бас олны дунд оруулж өөрөө өөрийгөө нээх танихад нь туслах нь хамгийн зөв юм.

Өөрийгөө таних гэдгийг хүн юуг хийвэл ядрахаа үл мэдэн дурлаж байна, юу ямар зүйл таалагдахгүй байдаг, ямар ажил, мэргэжил жинхэнэ сонирхол татаж, чамайг сурсан дассан орчингоос чинь огт өөр ертөнцөд аваачиж чадаж бгаа гэдгийг олж мэдэх гэж ойлгож байна. Хэвшмэл үзэл баримтлалаар хүмүүжсэн хүмүүс тэрнээсээ хальж гарах хүсэлгүй, тэр хайрцагны гадна юу байгааг олж мэдэхийг ч хүсэхгүй болох нь голдуу…

 

Харин өөрийгөө танихаар хичээж, хүсэж зорьж яваа нэгэн бол эрт орой хэзээ боловч өөрийн ертөнцөө олох нь гарцаагүй билээ.Ингэж чадсан хүн амьдралдаа ихэвчлэн амжилт гаргах магадлалтай ба нэгэнт өөрийгөө олсон хүнд тэрхүү амжилт нь тийм ч чухал биш болсон байдаг.Тэдэнд мөч тутмаа мэдэрч, оршиж буй нь л хангалттай жаргал, таашаалыг өгч чаддаг болов уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!