…Уурлавал дуу үл гарах Баярлавал олныг чалчих Ихсээс мятрах Багад хөөрлөх Ичгүүргүй амьтан хөөрхий Даарвал хувцас Халууцвал сүүдэр Өлсвөл хоол Цангавал унд Зүдэрвэл нойрын төдий Өнөө маргаашийн төдий Туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий.

Муу авъяасаар нэрвэгдэж Оюуны хүчээр сулраад Аргагүй бологчид хөөрхий Тэсэхүйеэ бэрх муу заяанаас гараад Гайхамшгийн амгалант хүний биеийг олоод Энэ мэт зовлонгийн үйлийн үрийг эдлэг Амьтан бүгд даанч хөөрхий хэмээв.
Тэр цагт нөгөө хүн бас ийн асуув: Аяа, энэ мэт муу цагт Үнэнийг санагч хүн Ямраар явбал болох вэ? гэсэнд Нисгэгч хүн өгүүлрүүн: – Аяа, нөхрийн дээд сэрэмж мөн боловч Лам, эцэг, эх гурван ачтанаа бүү хард. Эрдмийн дээд эв мөн боловч Хилэнцэт нөхөртэй бүү нөхөц.
Учраад хэлэлцдэг жам мөн боловч Хэмжээгүй үг бүү хэл. Бурхнаас илүү аврал үгүй тул Сүжиглээд дамжиг бүү үйлд. Номоос илүү эрдэм үгүй тул Суралцаад омог бүү үүсгэ. Хуврагаас илүү өмөггүй тул хүндлээд гэм бүү эр.
Маныг хорлогч нисваанис мөн тул Сэтгэлийг харуулдаж хориг тавь хэмээв Тэр хүн бас ийн асуув: Сургаал хэрэгтэй хүн ямар вэ?
Хэрэггүй хүн ямар вэ? гэсэнд Нисгэгч хүн өгүүлрүүн: Үл мэдэгч мунхаг, ухаангүй хүнд сургаал хэрэггүй. Өөрийн биеийг тоосон омогтой хүнд сургаал хэрэггүй. Өгүүлсэн үгийг үл авагч хүнд сургаал хэрэггүй. Үзсэний дараагаар л мартагч хүнд сургаал хэрэггүй.
Эгэл хэрэггүй хүсэлд шунагч хүнд сургаал хэрэггүй. Ихэс дээдсээс дутаагч хүнд сургаал хэрэггүй. Илт үзтэл гангалагч хүнд сургаал хэрэггүй Элдэв баширт нөхөдтэй ханилагч хүнд сургаал хэрэггүй. Энгийн гэмгүй нөхөртэй үтээрхэгч хүнд сургаал хэрэггүй Их суудлыг хүсэж нэрэлхэгч хүнд сургаал хэрэггүй.
Энэ хойт хоёр явдлын сүүлийг үл бодогч хүнд сургаал хэрэггүй гэв. Учрыг ухах саруул ухаантай хүнд сургаал хэрэгтэй. Үнэнийг баригч шударга хүнд сургаал хэрэгтэй. Улмаар буяныг хураагч хүнд сургаал хэрэгтэй. Очирдар ламын зарлигийг хадгалагч хүнд сургаал хэрэгтэй.
Олон эзэд ноёдыг хүндлэгч хүнд сургаал хэрэгтэй. Үхэх, өвдөхийн зовлонг сэхээрэгч хүнд сургаал хэрэгтэй. Үлэмж дээдийн номыг эдлэгч хүнд сургаал хэрэгтэй. Өвгөд эмгэдийг өргөгч хүнд сургаал хэрэгтэй Сургагч нь: Зоргоор бус үнэнээр болвол сургаж болно Зориуд бус халамжлах сэтгэлээр болвол сургаж болно
Зовлонт үйлээс зайлуулагч болвол сургаж болно Өөрөө эс мэдэвч дээдийн зарлигтай бол сургаж болно. Үлэмж мэргэн биш ч омог сэтгэлгүй бол сургаж болно гэв Тэр хүн: – Тийм бөгөөс надад Мэдэхэд хямд Хийхэд хялбар Явахад амар Санахад томъёотой Нэгэн сургаал айлдаж хайрлана уу? Гадна биеийн явдал Дотоод хэлний үг Нууц сэтгэлийн чиг Гурвуулны ерөнхий байдлыг ямар мэт явах вэ?
Гадаад амины аж төрөх Дотоод их, бага төрийн нууц явдал Дээдийн номыг бүтээх зэргийг ямар мэт явах? Жаргах цагт санах санаа Зовох цагт хатамжлах сэтгэлийг Надад айлдаж хайрла? хэмээсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн: – Гадаад биеийн явдал гэвэл: Ёстныг хүндэл. Настныг баярлуул. Ачтанаа өргө. Бачтанаас зайл. Сайнаас бүү сал. Садныг бүү эр. Олон бүү арилж. Огт бүү харамла.
Олон дараагаар хэрэггүй явдлыг бүү арвитга. Онц зөрүүлхэж дээдсээс бүү сал Муу нөхөртэй бүү нөхц Зүйл бүрийн хувцас бүү өмс. Зүг тал үгүй бүү гайхуул. Хэлний өгүүлэх хэмээвэл: Хэрцгийлж хэрүүл бүү үүсгэ. Хэгжүүрхэж омог бүү үүсгэ. Хэлбийж олон янз бүү урва. Саваагүй тохуун үг бүү хэлэлц. Санамсаргүй үг бүү хэл. Эвлэж муу санаатантай бүү зөвш Эвдэрч олон зан бүү гарга Хордож бусдын гэмийг бүү малт.
Ховсорч хэрэггүй үг бүү зөө. Хуурч элдэв башир бүү хэл. Хоцорч нөхөр үгүй бүү суу хэмээв. Сэтгэлийг чиг гэвэл:
Шинжлэлгүй бүү сэтгэ. Сэрэмжгүй бүү зальхайр. Гэнэт нөхрийг бүү итгэ. Гэндэж хүнээс бүү урьт. Буруу юмыг бүү өмөөр.
Бусдын юманд бүү шуна. Бузгай дээрэнгүй бүү загна. Бузар хилэнцийг бүү үүсгэ. Чөлөөгүй гэж бүү алгас. Чадал үгүй байж бусдыг бүү дуурай. Магад дээдсийг олж нөхөрлө. Муу явдалтнаас насад дутаа. Санасан бүрийг бүү хөөцөлд. Салах учрахад бүү гомд Буянтай санаанаас бүү холд Бодь сэтгэлийг бүү март.
Эх сурвалж: Говийн ноён хутагт Д.Равжаа “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаал оршвой