Эдүгээ номын ёсны сургаал хэмээвэл: Биеийг тороос алдуулсан шувуу мэт Аглагийг шүт. Хэлний үгийг хивийн зангиа мэт Алдралт үгүй боо. Урьдын хийсэн хилэнцээс Хор уусан хүн мэт хашир. Магад гарах буянт сэтгэлийг Амь мэт энхрийл. Хилэнцэт нөхрөөс Аварга могой үзсэн мэт зайл. Буяны саданг Өөрийн толгой мэт өргө.

Сэтгэлийн эрдмийг Яст мэлхийн гишүүн мэт нуу. Усгал зөөлөн занг Мөрний урсгал мэт ундраа. Чин зориг, хичээнгүйг буугийн сум мэт чиглэ. Гурван эрдэнийн үйлст морь, нохой мэт зүтгэ. Олон хамаг амьтанд сал онгоц мэт Боол сэтгэлийг барь. Тангараг цааз хоёрыг Шил толь мэт хайрла. Өөрийн гэмийг Салхи мэт алдаршуул.
Зөв болвол бүхэнд дайсан боловч үйлд. Буруу бол хааны суудалд суулгавч зайл. Буян болох бол хилэнц мэт боловч үйлд. Хилэнц болох бол буян мэт боловч тэвч. Үлгэрлэвэл: Хүнтэй адил боловч Ороолон бол бүү учир. Галзуутай адил загнавч Дээдэс төрөлхтөн бол шүт. Түүнчлэн, билиг буй бөгөөс Эрдэм үл болох юм нэг ч үгүй.
Сүсэг буй бөгөөс Адис үл гарах юм нэг ч үгүй. Хичээнгүй буй бөгөөс Үл бүтэх юм нэг ч үгүй. Бодь сэтгэл буй бол Нөхөр үл болох амьтан нэг ч үгүй хэмээв Тэр цагт, билигтэй бол юм бүгд эрдэм болох учир юу вэ? хэмээсэнд Үлгэрлэвэл: Чулуун хор эмч хүнд эм Таарах өвчинд рашаан Зүгээр хүнд хор болсон мэт Шимийг нь авбал өчүүхэн юм ч Их эрдэм болох нь олон буй.
Хорхой тэжээж авсан шүлс Магнаг болохыг үз. Энэ үест: Билиг, сүсэг, хичээнгүй, бодь дөрөв Ялгал, оньс, эрдэм, сайн дөрөв Үүнийг номлох зүйл эгээршгүй боловч Олонх нь гарын хөтөлбөрөөс сурч болох Товчийн төдий өгүүлбэл: Сүсэг үгүй бол бурхныг шүтэж үл чадна. Бурхныг шүтэж эс чадвал Зарлигийг дагаж эс чадна. Зарлигийг эс дагавал Ишийн эрдмийг үл олно.
Түүнийг үл олбоос Онол үл төрнө Тэр хоёр үгүй бол Авах, гээхийн алин ч үгүй буруудна. Хичээнгүй үгүй бол Туурвисан үйл хэрэггүй өнгөрнө. Бодь сэтгэлтэй хүн Нялх ч боловч олныг айлгана. Хорлох сэтгэлтэй хүн
Идэр хүчтэй боловч дайсныг арвитгана. Алаг үгүй сэтгэлтэй хүнийг Амьтан бүр өрөвдөнө. Бус бас жаргах цагт
Ташуурал үгүй сэтгэлийг барь Хайртай хэмээгч нь дотуурчилсны нэр.
Хилэгнэх гэгч урины нэр. Жаргах гэгч нь нойрын нэр. Их хурц гэгч нь омгийн нэр. Харилхана гэгч атааны нэр. Үгийг урвуулж хэлбэл Мөн чанар нь таван хорын нэр буй. Өвчин бага боловч үхлийн шалтгаан. Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан. Буян бага ч болов туслахын шалтгаан. Гал бага ч болов түлэхийн шалтгаан. Нүгэлт нөхөр хол ч болов хорлохын шалтгаан.
Бусдын өргөмжлөлийн үгэнд хөөрөлгүй Насанд өөрийн сэтгэлийг нам дарж явтугай. Сайн, муу хоёрыг сэтгэлээс ялгадаг. Тус хор хоёрыг үйлдвэрээс таньдаг. Үнэн, худал хоёр сүүлдээ тодордог. Жаргал, зовлон хоёр Өөрийн үйлээс болдог тул Сэтгэлийг шантралгүй Буянтай сэтгэлийг хадгалбал Үхэвч санаа амар буй. Учир үгүй цааз үл байна.
Уг үгүй үр үл байна. Санал үгүй үг үл хэлнэ Саадгүй буянаас үл хожимдох тул Үйлдвэр юу үйлдэвч Шалтгааныг шинжил хэмээв Тэр цагт, нөгөө хүн: Товч нь юу вэ? хэмээсэнд Нисгэгч хүн өгүүлрүүн: – Аврал бүгдийн товч лам мөн.
Санваар бүгдийн товч сэрэмж мөн. Үзэл бүгдийн товч үнэн үзэл мөн. Санаа бүгдийн товч мөнх бус мөн.
Ном бүгдийн товч сэтгэлийг номхтгох мөн. Таван махбод бүгд Огторгуй махбодод хурна. Таван хор бүгд
Мунхаг сэтгэлд хурна. Дурдаж мэдвэл сансар нирваан бүгд Сэтгэлийн чанараас үл давна.
Үлгэрлэвэл: Хоосон хумхийн тоос цугларсаар Арвидвал шороо болно. Шороо арвидвал уул болно.
Чийг арвидвал ус болно. Манан арвидвал үүл болно. Туйпуу арвидвал балгад болно. Түүнчлэн бие үгүй хоосон сэтгэл
Буруудвал нисваанис болно. Нисваанис арвидвал там боловсорно. Зөвдвөл буянт мөр болно. Буян арвидвал бурхан болно.
Энэ мэт элдэв зүйлийн үзэгдэл Бүгд шүтэн барилдлага Үзэгдлийн төдий хоосон хэмээхийн агаарт Зүүд замхрав хэмээн хэдэн Сайн, муу, үнэн, худал үгсийг Наадмын төдий бичсэн Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу хэмээгдэх нэжгээд үе төгсөв Ом сайн амгалан болтугай Олон амьтанд тус болж Орчлонгийн далай ширгээд Онолын эцэст хүрч Огоот арилсан бурхан болох болтугай!
Говийн ноён хутагт Д.Данзанравжаа “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаал оршвой