Ээжтэйгээ хамт амьдардаг нэг залуу эхнэр авсанд эхнэр нь ээжийг нь үздэггүй. Ээж нь ганц хүүтэй. Хүү нь ээжийгээ өргөж асрах хэрэгтэй болохоор уурлаад эх, хүү хоёрыг салган холдуулах гэдэг байж. Нэг удаа эхнэр нь хуурамчаар өвдөжээ.
Би одоо үхлээ. Чиний ээжийн чинь зүрхийг идэх юм бол өвчин илааршина. Хэрвээ эс чадвал үхнэ. Чиний өтөлж хөгширсөн өнөө маргаашгүй болсон ээж чинь чамд хэрэг болох юм уу, аль эсвэл чамтай насаараа хамт амьдарч түшиг болж байх хань би чинь хэрэгтэй юм уу.
Чи аль нэгийг нь сонго гэсэнд залуу гайхшаа бараад “Ээж минь өнөө маргаашгүй болсон нь үнэн. Надад удтал хань болохгүй. Үр хүүхдийг минь гаргасан энэ насны минь хань үхчих юм бол би яаж амьдрах вэ” гэж бодоод унтсан чинь шөнө зүүдлээд зүүдэндээ ээждээ очоод хэлтэл,
Иш хүү минь, авсан хань чинь өнгөрчихвөл миний хүү зовно. Хүүгээ зовоож ээж нь амьд яваад яахав. Өнөө маргаашгүй болсон ээж нь зүрхээр яахав хүү минь, ээжийнхээ зүрхийг ав гэсэнд хүү нь ээжийнхээ зүрхийг сугалж аваад эхнэр лүгээ яараад гүйж явахдаа бүдрээд унатал ээжийнх нь сүнс хажууд нь ирээд “Миний хүү яагаад уначихав” гээд өмнөөс нь өргөн босгож байна гэж зүүдлээд гэнэт цочиж сэрлээ.
Хамаг хөлс нь асгарч “Намайг зүрхийг нь авчихаад байхад бүдрээд унахад минь хүртэл ээж минь ингэж хайрлаж байх юм” гээд эхийнхээ хайрын өмнө сэтгэл мэнэрэн унаж, маргааш нь “Эх шиг агуу ачтан байхгүй юм байна” гэдгийг ойлгожээ.
Гэртээ ирээд эхнэртээ сургаал хайрлаж, эхнэр нь буруу үзэлдээ гэмшиж, ээжийгээ авч ирж асарч өргөөд өнгөрүүлсэн тухай өгүүлсэн үлгэр домог байдаг. Амьд байхад нь аав ээжийгээ асарч өргөсөн хүний адаглаад энэ насны хэрэг бүтнэ гэдгийг сайн санаж явах хэрэгтэй.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Бурханч лам Г.Пүрэвбат