Home Ухаарахуй Aлдаагаа бусдад тохдог хүн алдаагаа ухаарч хөгжих боломжгүй байдаг

Aлдаагаа бусдад тохдог хүн алдаагаа ухаарч хөгжих боломжгүй байдаг

by Aurora

“Гэр бүлд нэг ууртай хүн байхад бусдын тайван байдлыг үгүй болгодог бөгөөд уурын мөн чанар нь сэтгэлийн амгалан байдлыг үгүй хийж бусдыг хорлох сэтгэл юм. Тиймээс гэр бүл болон бусдыг чин сэтгэлээсээ жаргалтай байгаасай гэсэн сэтгэлийг дадал болгосноор өөрийн сэтгэл дэх уур багасаж, улмаар бусад хүмүүсийн сэтгэлд ч амар тайван, таатай нөлөө үзүүлэх бөгөөд эв түнжин батаждаг”. “Aлдаагаа бусдад тохдог хүн алдаагаа ухаарч хөгжих боломжгүй байдаг.

 

“Тэрнээс боллоо, тэр намайг уурлуулсан” гэх үед тэр хэн нэгэн нь өөрийг нь удирдсан нэгэн болно. Харин “Надаас боллоо, би өөрөө уурласан” гэх үед жолоодлого өөрийн гарт байх бөгөөд уурлахгүй байх нь ч өөрийн сонголт болж алдаагаа ухааран хөгжих боломж үргэлж бий болдог”.

“Эрүүл хэрнээ зарим хүмүүс бусдад байгаа зүйлс надад алга, жаргалтай байх шалтгаан байхгүй мэт гомдоллох хүмүүс байна. Гэвч аз жаргал хүн бүхэнд харилцан адилгүй. Жишээ нь хоёр хөл нь өвчтэй хүний хувьд алхаж чадвал маш аз жаргалыг мэдрэх болно.

Гэтэл эрүүл алхаж чадаж байгаа хүмүүс энэ үнэ цэнээ мэдэрвэл маш аз жаргалтай байх ч боломжтой. Өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрч сэтгэл ханамжтай байж чадахгүй л бол шунал, хүсэл хязгааргүй учраас юу ч байсан жаргалтай байх боломжгүй. Тиймээс өөрт байгаа зүйлсийн үнэ цэнийг мэдэрч сэтгэл ханамжтай байж чадвал жаргалтай байх маш олон шалтгаан бидэнд бий”.

 

“Өглөгч сайхан сэтгэлээс болж хохирлоо гэх хүмүүс байна. Энэ бол ухаан дээр суурилаагүй сайхан сэтгэл. Сайхан сэтгэлтэй гээд хайч гуйсан учраа мэдэхгүй хүүхдэд хайч өгдөггүй шиг сайхан сэтгэл бол ухаан дээр суурилах хэрэгтэй.

Аливаа үйлийн үр дүнг бодож үзээд өөр бусдад хорлолтой бол хорьж, тустай бол хийдэг байх нь хожим харамсал дагуулахгүй. Ухаан дээр суурилсан сайхан сэтгэлээс сайн үр дагавар гарахаас биш муу үр дагавар гарахгүй”. “Хүний адгуус амьтнаас ялгарах гол ялгаа нь нөхцөл байдлыг ажиглан шинжиж сайн мууг ялгаж салгах оюун ухаан.

Адгуус амьтад таван мэдрэхүйд тааламжтай мэдрэмж байвал зөв бурууг ялгаж чадахгүй түүнд шунадаг. Зарим хүмүүс согтуурал, мансуурлын зүйл их хэрэглэж ачит эцэг эхээ зовоож өөртөө ч асуудал үүсгэж байна. Ямарваа нэг тааламжтай мэдрэмжийн үр дүн нь өөр бусдад асуудал хор уршиг тарьж байвал хорих хэрэгтэй. Гэмт явдлын хор уршгийг ухаарч ойлгоод муу явдлаас холдож чадах нь ухаант хүний шинж”.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Наро Банчэн Гэгээн / Naro Banchen Gegeen /

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!