Дармапада бол Бурхан багшийн айлдсан сургаал үгсийн цоморлиг. Дарма нь ном сургаалаас гадна үнэмлэхүй үнэн, зүй тогтол гэсэн утга илэрхийлдэг. Пада нь зам мөр, бадаг шүлэг гэсэн утгатай. Монгол хэлний “бадаг”, англи хэлний “path” зэрэг үг энэ үгээс гаралтай. Тэгэхлээр Дармапада нь энгийн утгаараа “Номын бадаг”, гүн утгаараа “Гэгээрлийн зам” юм.

Нүгэл хилэнцээ боловсрох хүртэл Хилэнцэт хүмүүн түр жаргамуй Нүгэл хилэнц боловсрох үед Хилэнцэт үйлийнхээ үрийг амсмуй Сайн үйлээ боловсрох хүртэл Журамт хүмүүн хэсэгхэн зовмуй Сайн үйл нь боловсрох үед л Журамт хүмүүн жаргалыг амсмуй…
Бүх зүйл сэтгэлээс үүддэг. Сэтгэл нь үйл бүхний залуур. Бохир сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх аваас тэргэнд хөллүүлсэн шар шиг тээр зовлонд хүлэгдэнэ. Ариун сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх аваас аз жаргал чамайг сүүдэр мэт дагана.
Өшөө хорслыг өшөө хорслоор арилгахгүй. Гагцхүү хүлцэл өршөөлөөр амарлиулдаг. Энэ бол өнө мөнхийн хууль.
Хэзээ нэг өдөр үхнэ гэдгээ олонх хүн мартдаг. Хэзээ ч нөгчиж мэдэхээ ухаарсан хүн хэрүүл тэмцэлгүй тайван амьдардаг.
Сэхээ сэрэмжгүй зугаа цэнгэл хөөцөлдөж, хэмжээ цаггүй идэш уушинд хомхойрч, дэмий алгасарлаар цагийг нөгчөөдөг хүн шулмын хорлолд автах нь өмхөрсөн мод салхинд унах шиг хялбар. Үзэгдлийн хуурмаг чанарыг ойлгож, сэргэг ухамсраар мэдрэхүйгээ хянаж, идэш уушаа тааруулж чаддаг, чин сүсэгт хичээнгүй хүн шулмын хорлолд автахгүй нь байц хад салхинд үл ганхах мэт.
Шалдар булдар үйлийг их хэрэгт тооцож, утга төгөлдөр үйлийг утгагүй хэмээн басамжилдаг мөчид ухаантан зүрхэн шимийг хүртэж чадахгүй. Утга учиртай зүйлсийг утга учиртай хэмээн, утгагүй юмсыг утгагүй хэмээн тунгааж чаддаг сэхээтэн зүрхэн шимийг хүртэнэ.
Эх сурвалж: Бурхан багшийн сургаал (Дармапада судраас)