Home » Муу үйлээр хүн өөрийгөө гутаадаг. Мууг тэвчсэнээр хүн өөрийгөө цэвэрлэдэг. Цэвэр, бохир явах нь өөрөөс хамаарна. Өрөөлийн үйлийг өөр хэн ч цэвэрлэж чадахгүй.

Муу үйлээр хүн өөрийгөө гутаадаг. Мууг тэвчсэнээр хүн өөрийгөө цэвэрлэдэг. Цэвэр, бохир явах нь өөрөөс хамаарна. Өрөөлийн үйлийг өөр хэн ч цэвэрлэж чадахгүй.

by Aurora

Дармапада бол Бурхан багшийн айлдсан сургаал үгсийн цоморлиг. Дарма нь ном сургаалаас гадна үнэмлэхүй үнэн, зүй тогтол гэсэн утга илэрхийлдэг.
Пада нь зам мөр, бадаг шүлэг гэсэн утгатай. Монгол хэлний “бадаг”, англи хэлний “path” зэрэг үг энэ үгээс гаралтай. Тэгэхлээр Дармапада нь энгийн утгаараа “Номын бадаг”, гүн утгаараа “Гэгээрлийн зам” юм.

 

Тэнэгээ мэддэг хүнийг тэнэг биш, ухаантан гэлтэй. Тэнэг мөртлөө өөрийгөө ухаантан гэж боддог хүнийг л жинхэнэ тэнэг гэнэ. Тэрээр насан турш мэргэдийн дэргэд байвч үнэнийг үл мэднэ. Шөлний амтыг халбага мэдэхгүйтэй адил. Гэгээн мэргэдтэй учирсан сэхээлэг хүн тэр даруйд үнэнийг ухаарна.

Шөлний амтыг хэлээр хүртэх шиг. Харамсал дагуулах үйлийн үр гашуун нулимс болж боловсорно. Харамсал үл дагуулах буяны үр баяр жаргал болж дэлгэрнэ. Уул хад салхинд үл гулзайх мэт ухаант хүн сайшаал, муушаал хоёрт савлах учиргүй.

Мухар сүжиг, сохор таамагт авталгүйгээр урлаж үл бүтээх (угаас заяамал) мөн чанараа таниж, үйлийн хэлхээс, хүслийн хөврөлөөс гэтэлсэн нэгнийг гэгээн хутагт хэмээюү. Утгагүй мянган үгийг давтсанаас утга төгөлдөр бөгөөд сэтгэл амарлиулах ном (дарма)-ын ганц үг тогтоосон нь дээр.

 

Өрөөл бусдыг ялахаас өөрийгөө ялах нь эрхэм. Өөрөө өөртөө эзэн болсон хүнийг асур тэнгэр, ад чөтгөрийн хэн нь ч дийлэхгүй. Самуун задгай зуун жилийн амьдралаас бясалгалд оршиж, буян үйлдсэн нэг өдрийн амьдал үнэтэй. Мунхаг харанхуй зуун жилийг элээснээс үнэнийг сэхээрч нэг өдөр амьдарсан нь дээр.

Эзэн хааны гоёмсог сүйх ч хуучрах мэт энэ бие элэгдэж мууддаг. Гэвч дээдийн ном (гэгээрэл) хэзээ ч хуучрахгүй. Тийм учраас түүнийг эрхэм дээд хэмээдэг. Өчүүхэн боловсролт хүн үхэр мэт өтөльюү. Бие нь бүдүүрэхээс биш, билиг нь тэлэхгүй.

Муу үйлээр хүн өөрийгөө гутаадаг. Мууг тэвчсэнээр хүн өөрийгөө цэвэрлэдэг. Цэвэр, бохир явах нь өөрөөс хамаарна. Өрөөлийн үйлийг өөр хэн ч цэвэрлэж чадахгүй. Үнэнийг шүтэж амьдар! Хуурмаг явдлаар насыг бүү элээ! Үнэн ёсны дагуу амьдарсан хүн энэ болоод хойт төрлийн алинд ч амар амгаланг эдэлнэ.

Энэ хорвоог зүүд зэрэглээ, хөөс мэтээр үзэгч хүн Эрлэг номун хааны хараанаас ч мултрах болно.
Урьд нь алдаж эндэж явсан ч хожимнэгэнт сэхээрсэн хүн үүлнээс сугарсан саран мэт ертөнцийг гийгүүлж чадна.
Эрдэнэт хүний төрлийг олох нь бэрх. Мөнх бусын хорвоод амьдрах нь бэрх. Дээдийн номыг хүртэх нь бэрх. Гэгээрсэн багштай учрах нь бэрх.

 

Хилэнцэт үйлээс ангижирч, эрхэм чанарыг төгөлдөржүүлж, оюун санаагаа ариусгах нь Бурханы ном юм.
Бид (номын мөрөөр замнагч нар) өмчийн хүлээснээс салсан учраас амар тайван амьдардаг. Аливаад уягдахгүй амьдрал маань гэгээн гэрэлт диваажин шиг. Дийлсэн хүн өш хонзонгийн үрийг тарьж, дийлдсэн нь харамсал гашуудалд унадаг. Дийлэх, дийлдэхээс ангижирсан хүн л амар амгаланг эдэлнэ.

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал (Дармапада судраас)

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!