Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм.
Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг. Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.

Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй. Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага. Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой.
Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг.
Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог.
Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог. Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү. Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг.
Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ? Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг. Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг. Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: орчуулсан Даш-Ёндон “Күнзийн сургаал”