Эрт урьд цагт хөгшчүүлээсээ салахын түүс болсон улс байжээ. Тэр улсад насан өндөр хэнийг ч алс холын ууланд аваачиж орхидог аж. Гэвч нэг сайд хөгшин эцгээсээ салж чадахгүй байжээ. Тэрбээр гүнзгий том нүх ухаж, доторхийг нь янзлан тохижуулж тэнд эцгээ нуусан аж.
Нэг удаа бурхан, тэнгэрээс морилон заларч, эзэн хаанд хүнд хэцүү асуулт тавьжээ: “Энэ хоёр могойг хараад аль нь эр, аль нь эм болохыг ялгаж хэл. Эс таавал улс гүрнийг чинь хүйс тэмтрэнэ” гэхэд хаан эр, эм могойг ялгаж чадсангүй.
Ордныхон дотроос ч ялгаж хэлэх хүн олдсонгүй. Эзэн хаан, улс гүрэн даяараа зарлиг буулгаж, эр, эм могойг ялгаж хэлсэн хүнд их шан амлав. Хаанд бурханы хэлсэн оньсогын тухай сайд эцэгтээ хэлжээ. “Энэ амархан шүү дээ. Хоёр могойг зөөлөн олбог дээр тавибал мушгиралдан цагираглах нь эр могой, үл хөдлөн хэвтэх нь эм могой” хэмээн эцэг нь заажээ. Сайд нь эр, эм могойг хэрхэн ялгах тухай хаандаа хэлсэн аж.
Ийнхүү тэр оньсогыг тайлжээ. Бурхан урьд өмнөхөөсөө улам ээдрээтэй хэцүү оньсого таалгаж эхлэв. Хаан болоод ордныхон нь тэдгээр оньсогыг тааж чадахгүй байлаа. Харин мэргэн эцгийнхээ ачаар өнөөх сайд, оньсого бүгдийг тайлжээ. Асуусан асуулт, хариулсан хариуг доор “Унтаж байхад нь сэрүүн, сэрүүн байхад нь унтаж байна хэмээн хэний тухай ярьдаг вэ?” “Гэгээрэх зам мөрийг даган явж буй хүний тухай ингэж ярьдаг.
Энэхүү зам мөрийн тухай мэдэхгүй учир нойрсож буй хүнийг сэрүүн байна гэдэг. Харин энэ зам мөрийг мэддэг учир сэрүүн байгаа хүнийг нойрсож байна гэдэг”. “Аварга том зааны жинг яаж мэдвэл зохих вэ?”. “Зааныг завинд суулгаж, завь усанд хэр зэрэг суусныг тэмдэглэж, дараа нь завинаас буулгаж, оронд нь ус тавьсан тэмдэгт хүртэл завинд чулуу ачвал зохино.
Эцэст нь ачсан чулуугаа жигнэвэл зааны жинг мэдэж болно”. “Нэг аяга ус их тэнгисээс илүү гэдэг чухамхүү юу гэсэн үг вэ?”, “Хэрэв ариун цагаан сэтгэлд хөтлөгдөн аягаар ус хутгаж буурал эцэг, эхдээ юм уу, эсвэл өвдөж зовсон хүмүүст уулгавал энэ сайн үйл хэзээ ч үл мартагдана. Өргөн их тэнгист хичнээн их ус байлаа ч нэгэн өдөр ширгэж болно. Харин буян хэзээ ч ширгэж алга болдоггүй.
Тиймээс аяга ус их тэнгисээс илүү гэж ярьдаг юм”. Бурхан яс арьс болсон туранхай хүнийг дуудан ирүүлжээ. Туранхай хүн асуусан нь: “Энэ ертөнцөд надаас илүү өлсч буй хүн бий юу?” “Бий. Хэрэв хүн зүрх сэтгэл цэвдэг, санаа бодол ядуу, лам, бурхан ном хэмээх гурван эрдэнэд үл итгэдэг бол сэтгэл нь өлсөж цангахаас гадна, хойт ертөнцөд шийтгэл хүлээж бирд буюу өлсгөлөн сүнс болж урт удаан хугацаанд дааж давшгүй тамын зовлон амсана”.
“Энэ зандан модоор хийсэн дөрвөлжин хэлбэртэй самбар байна. Энэ самбарын аль хэсэг нь уг модныхоо үндсэнд ойр вэ?” “Энэ самбарыг усанд талбихад арай гүн живж буй тал нь үндсэндээ ойр нь юм”. Хоорондоо яг адилхан хоёр хүлэг байна. Нэг нь эх, нөгөө нь унага юм. Яаж ялгах вэ?” “Хоёуланд нь өвс тавьж өг!
Эх нь үрдээ өвсний сайныг өгдөг юм. Ингэж тэр хоёрыг амархан ялгаж болно”. Эдгээр асуултын хариуг сонссон бурхан магнай тэнийн баярлав. Хааны магнай мөн адил тэнийжээ. Хаан, сайдынх нь нүхэнд нуугдсан эцэг ийнхүү цэцэн мэргэн хариулсныг мэдээд зарлиг буулгаж, өвгөдөө тээршаан зайлуулахыг хориглож, харин хүндэлж дээдлэхийг тушаав.
Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном