Home » Нигүүлсэл таны зүрхнээс шунал хүсэл, уур хилэн, харанхуй мунхаг хэмээх хорт гурван сумыг суга татан хаяна

Нигүүлсэл таны зүрхнээс шунал хүсэл, уур хилэн, харанхуй мунхаг хэмээх хорт гурван сумыг суга татан хаяна

by Aurora

Энэтхэгийн Видеха хэмээх улсад хатан хаан зүүдэндээ зургаан соёотой цагаан заан үзжээ.
Тэрбээр хаанаас цагаан зааны зургаан соёог олж бэлэглэхийг гуйжээ. Хатандаа ухаангүй хайртай хаан, энэхүү хүсэлтийг зөвшөөрөхөөс өөр аргагүй болов.

Тэрбээр мөнөөх заан хаана нутагладгийг мэдэх хүнд үлэмж их шагнал, бэлэг сэлт өгөхийг амлаж, улс даяар зар түгээв. Тэр цагаан заан алс хол, Хималайн уулсад амьдардаг байжээ. Тэрбээр Бурхан багшийн хутгийг
олохоор бэлдэж байлаа.

Нэг удаа тэрбээр анчин эрийн амийг аварчээ. Эх нутагтаа эргэж ирсэн мөнөөх анчин хааны зарлигийг сонсч зааны нутагладаг газрыг мэддэг хүнд ихээхэн шагнал хүртээхийг дуулаад өөрийнхөө амийг аварсан зааныг алж, соёог нь авахаар явжээ.

Мөнөөх заан Бурхан багшийн хутгийг олох гэж бэлдэж байсныг нүгэлт гөрөөчин мэдэх тул зааныг хуурахаар орхимж нөмөрч ламын дүрээр очжээ. Тэгээд заан өчүүхэн бээр сэжиглэлгүй амарч байхад нь хортой сумаар
харважээ.

Шархадсан заан үхэл нь ирснийг мэдэрчээ. Гэвч өөрөөс нь урваж тэрсэлсэн анчинд уурлаж унтууцсангүй. Харин хорвоогийн шунал тачаалын эрхэнд орсон түүнийг өрөвдөж, муу зальтай анчныг хэдэн хэсэг болгон урж тасдахыг завдан, уурлаж хилэгнэсэн нөхдөөс нь хамгаалж, өөрийнхөө доор оруулан нууж, хөлөөрөө хамгаалсан аж.

Заан анчнаас юуны учир амийг нь хөнөөж буйг асууж, соёо нь хэрэг болсныг мэдмэгц соёогоо том модонд цохиж хугалаад анчинд өгчээ. “Ингээд миний зовлон зүдүүр дуусав. Одоо би бээр Бурхан багшийн ертөнцөд
мэндэлнэ. Би Бурхан багш болмогцоо юуны түрүүн чиний зүрхнээс шунал хүсэл, уур хилэн, харанхуй мунхаг хэмээх хорт гурван сумыг суга татан хаяна” хэмээн цагаан заан тангараг тавьжээ.

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!