Эрт урьд цагт оршуулгын газраас холгүй нэг хүн амьдарч байлаа. Нэгэн шөнө түүнд өөрийг нь дуудах
дуу хүүрийн нүхнээс дуулдахад үнхэлцгээ хагартал айж чичрэв. Үүр цайсан хойно, шөнө болсон явдлыг найз нөхөддөө хэлжээ. Нэг найз нь зоригтой эр байсан тул, дараачийн шөнө хүүрийн нүхнээс дуу гарвал юу байгааг очиж үзэхээр шийджээ.
Дараачийн шөнө түрүүчийнхтэй адил дуу гарч, мөнөөх оршуулгын газрын ойролцоо амьдардаг хүнийг дуудсан аж. Цаадах нь энэхүү дууг сонсч айн чичирчээ. Түүний зоригтой найз нь дуулдах дууг чиглэн оршуулгын газар очоод, чимээ гарах газрыг олж, хэн буйг асуужээ.
Газар дороос гарсан дуу хэлсэн нь: “Би бол газар дор нуусан эрдэнэ юм. Би, нэрийг нь дуудсан тэр хүндээ очих гэсэн ч, тэрбээр айгаад ирээгүй юм. Чи зоригтой хүн тул миний буянд эн тэнцэнэ. Маргааш өглөө би долоон зарцаа дагуулаад танайд очно” гэв.
Зоригтой хүн хэлсэн нь: “За тэгээрэй, би чамайг хүлээж байя. Харин яаж угтвал зохих вэ?” Нөгөө дуу хариулсан нь: “Танайд лам нарын дүрээр очно. Юуны түрүүн биеэ угааж ариутгаарай. Гэр орноо цэвэрлэж, ус бэлдчихсэн байгаарай.
Тэгээд шингэвтэр будаатай найман аяга тавиад хүлээж бай. Тэр хоолыг идэж дуусмагц биднийг нэг нэгээр нь
тусгай өрөөнд оруулаарай. Бид алттай сав болон хувирна” гэв. Маргааш өглөө нь хэлсэн ёсоор бүх юмыг засч
бэлджээ. Зоригт эр угаал үйлдэж, гэр орноо янзалж, зочдоо ирэхийг хүлээжээ.
Удалгүй бадар барьсан 8 лам залрав. Тэднийг гэртээ урьж, хоол ус өргөн барьж, дараа нь нэг нэгээр нь бэлдсэн өрөөндөө аваачив. Найман лам алтаар дүүрэн сав болон хувирчээ. Атаа жөтөө ихтэй нэг хүн үүнийг дуулж мэдээд
бас алттай болохыг хүсэв.
Тэрбээр мөн адил гэр орноо цэвэрлэн янзалж, найман лам залж, хоол ундаар дайлж, дараа нь мухрынхаа нэг өрөөнд
оруулаад түгжив. Гэвч найман лам нь алт болж хувирахыг хүссэнгүй, уурлан хашгиралдаж, атаа жөтөөтэй тэр эрийг шүүхэд мэдүүлэн баривчлуулжээ.
Оршуулгын газрын ойролцоо амьдардаг хулчгар эр бас үнэт эрдэнэс өөрийнх нь нэрийг дуудаж байсныг санав. Тэрбээр мөн адил шунаж, эрдэнэс өөрийнх нь мөн учраас нэрийг нь дуудсан хэмээн боджээ. Тэрбээр найзындаа очиж, алттай савыг авах гэтэл олон могой байжээ.
Могой аймхай хүн рүү дайрсан аж. Энэ явдлын тухай хаан мэджээ. Тэрбээр зоригт эрийг алтны эзэн мөн хэмээв. Ийнхүү зарлиг айлдахдаа хаан номлосон нь: “Ертөнцийн бүх юм үүнтэй адил бүлгээ. Тэнэг хүн ямагт аз дайрахыг л
хүлээнэ. Гэтэл аз ганцаараа тохионо гэж үгүй. Энэ нь ном сургаалыг ёс төдий дагадаг, сэтгэлдээ жинхэнэ сүсэг итгэлгүй хүнтэй ижил юм. Тийм хүн сэтгэлийн жинхэнэ амарлингуй байдлыг олохгүй”.
Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном