Home » Хайрлаарай…Хайр бол өмч биш. Хайр бол ойлгох. Хооронд нь байгаа нууц ихсэх тусам хоёр хүн холдож, багасах тусам ойртдог. 

Хайрлаарай…Хайр бол өмч биш. Хайр бол ойлгох. Хооронд нь байгаа нууц ихсэх тусам хоёр хүн холдож, багасах тусам ойртдог. 

by Aurora

Хайр бол өмч биш. Хайрыг гурван түвшинд хувааж болно. Эхнийх нь адгууслаг буюу бие махбодын хайр, секс. Адгуус ч ингэж хайрлаж чадна. Дараагийнх нь зүрх сэтгэлийн хайр буюу бидний хүмүүнлэг хайр. Сүүлийнх нь бурханлаг буюу бүгдийг багтаасан хайр, эргэн тойрны хүмүүсээ хайрлаж, талархсан бясалгал юм.

 

Аялгуу тавиад, түүндээ найгаад л аз жаргалаар өлгийдөж, намайг төрүүлж өсгөсөн аав ээждээ, хайр энэрлээрээ нигүүлссэн ах эгч, найз нөхдөдөө “Та нар минь ямар их хайраар намайг хайрлаа вэ” гээд талархал явуулна гэсэн үг.

Цаашлаад өнгөт орчлонг өмнө минь дэлгэсэн нүдэндээ, хүссэн газар хүргэж өгдөг хөлөндөө, өдий хүртэл зогсчихоогүй зүрхэндээ гээд бие махбоддоо талархана. Би өвдвөл энэ талархал, энэ хайр байхгүй болчихно шүү дээ.Тэгээд эд зүйлстээ…

Хүссэн хүнтэй холбож өгдөг утсандаа, намайг дулаахан байлгадаг хувцсандаа, хүссэн газар хүргэж өгдөг машиндаа… Би нэг удаа утсаа гаргаж ирээд таньдаг бүх хүмүүс рүүгээ баярлалаа гэж мессеж бичсэн юм. Дотроос л баярлалаа гэж үг гарч ирээд энэ хорвоогийн бүх хүний дугаарыг мэддэг болоосой гэж бодогдоод байсан. Баярлалаа, баярлалаа, баярлалаа… Тэгсэн “Яасан бэ?” гэсэн хариунууд ирсэн.

 

Хайр оршиж байгаа учраас л хорвоо байна. Хорвоо дээр яагаад зовлон байна вэ гэхээр хайр хүссэн нь олон, хайр өгдөг нь цөөхөн байна. Өнөөдөр би чамд хайртай нь биш, чи надад хайртай юу гэдэг нь чухал болчихоод байна. Хайрыг бүгдэд түгээ.

Би илгээсэн хүчилтөрөгчөөр нь амьсгалсныхаа төлөө моддод талархаж, эргүүлээд “Май аваарай” гээд нүүрстөрөгч явуулдаг. Ууж байгаа айргандаа таларх. Унаганд “Уучлаарай, сүүг чинь булааж аваад уулаа шүү” гээд, надад айраг бэлдэж өгсөн гүүнд, өвсөнд, өвс ургуулсан бороонд, наранд, бороо оруулсан үүлэнд таларх.

Та нэгэнт хайртай учирсан бол хайр ирсэн нь ямар сайхан юм бэ, хайргүй уйтгарлаж ганцаардаж явсан цаг хугацаа дууссан нь ямар их аз вэ гэж таларх. Гэтэл бид өөрсдийгөө л хайрлуулах гээд байдаг.  Эндээс л зовлон эхэлдэг. Хайр бол ойлгох. Хооронд нь байгаа нууц ихсэх тусам хоёр хүн холдож, багасах тусам ойртдог.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Хандсүрэнгийн Баасансүрэн /“Эрдэнэ зуу” хийдийн хамба/

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!