Энхийг л баримтлаарай. Нигүүлсэнгүй сэтгэл, мэдлэг ухаанаар энхийг баримтлана. Гэхдээ гадна, дотны дайсагнал, хорлолоос агшин бүр сэрэмжтэй, бат хамгаалалттай байна. Хэрэв гадна, дотноос хэн нэгэн дайсагнаж, хорлол ирвэл хүчтэйгээр, цуцашгүйгээр, хорлолыг дарж авна.

Ялваас тэмцлийг даамжруулалгүй намжаана. Гол нь нигүүлсэнгүй сэтгэлээр энхийг баримтлаарай. Гэхдээ ухаалаг, сэрэмжтэй, хүчтэйгээр … “Бусдын гэм гэж бодсон нь миний гэм байх вий” хэмээн сэрэмжлүүштэй. Аливаа сэтгэлд таагүй юмсад ундууцан дургүйцэж уур хилэн төрнө. Уур хилэндээ буцлан сэтгэлд таагүй бүхнээ шүүмжилж, гомдоллож, элдвээр хэлж, харааж зүхнэ.
Тэгээд: “Шүүмжилж, гомдоллож байгаа нь миний цэцэн мэргэн, шударга шулуун зан” хэмээх эндүүрлийн мунхаг бодол төрж, түүндээ итгэж дадна. Гэвч энэ нь даамжирвал өөрөө сэтгэл гутралтай, урам зориггүй, цог золбоогүй болж уруудаж, доройтоно.
Тиймээс: “Бусдаас, аливаа юмсаас ихэвчлэн гэмийг нь олж хараад байгаа нь миний өөрийн гэм байж магад. Учир нь аливаа юмсын боломжит сайн талыг нь олж харах өөдрөг, гэгээлэг сэтгэл надад дутаад байгаа юм байна.
Эсвэл зөвийг зөв хэмээн мэдэхгүй бурууд бодсон байж магад” хэмээн эргэцүүлэн бодоод үзэх хэрэгтэй. Бид эхлэл, төгсгөлгүй орчлонд орь ганцаар тэнэгч бодгал!
Энэ төрөлд ч юу ч үгүй ганцаараа ирсэн, бас юу ч авахгүй ганцаараа яваад өгнө. Гагцхүү төрөл тутамдаа хийсэн нүгэл, буяны үйлээ зузаатган, түүнийгээ тээсээр тасралтгүй эргэлдэн ирж, буцна. Тиймээс хэнд ч найдаад хэрэггүй. Өөрийнхөө төлөө өөрөө л хичээх хэрэгтэй, үүрэгтэй. Байнга суралцах хэрэгтэй, өөрийгөө дэмжиж арчилж байх хэрэгтэй.
Тэгээд бас бусдад туслаж байх хэрэгтэй. Тэр нь буян болж хураагдаад, өөрийн тань төрөл тутмын амгалан, жаргалангийн хөрөнгийг улам бүр арвижуулах болно. Цоо эрүүл! Хүний бие, сэтгэлийн цоо эрүүл байдлыг хаа нэг агшин зуур, өдрийн од мэт мэдэрч байвал тэр мундаг амжилт. Тэрхүү цоо эрүүл чанарыг л байн байн, олон удаа мэдрээд байх хэрэгтэй.
Бие, сэтгэлийн таван махбод гадна, дотно орчны ямар ч нөлөөлөлд автаагүй яг тэнцвэртэй байгаа тэр үе бол цоо эрүүл үе. Ийм байдал руу тэмүүлж хичээгээд байх хэрэгтэй. Таван махбодын тэнцвэргүйдлийг дээшээ, доошоо хэт савчаантай байлгаад байвал өвчлөнө, эвдрэнэ. Тэр бүү хэл сүнс маань тэнцвэргүй, эвдэрч өвчилсөн биед тогтож амьдрах аргагүйд хүрнэ.
Тиймээс өөрийн биеийн хэвийн жингээ савчуулалгүй тогтвортой барихад хичээж буй мэт бие, сэтгэлийн таван махбодоо маш бага хэлбэлзэлтэйгээр тэгшитгээд л байх хэрэгтэй. Эв эрүүлээр амьдрахад өдөр тутмын хичээл зүтгэл, сахилга бат, тэвчээр, эргэцүүлэл-дүгнэлт, мэдлэг ухаан хэрэгтэй. Энэ нь хэцүү боловч боломжтой. Орчлон мөнх бус чанартай.
Өвөөтэй гэж бодож явтал өвөөгүй болно, эмээтэй гэж бодож явтал эмээгүй болно, аавтай гэж бодож явтал аавгүй болно, ээжтэй гэж бодож явтал ээжгүй болно, ханьтай гэж бодож явтал ханьгүй болно… Тэр бүү хэл би гэж бодож явтал биегүй болно. Угаасаа орчлонгийн жам ийм.
Гэхдээ бас төрөл тасрахгүй үргэлжилнэ. Хэдий хэцүү ч энэхүү мөнх бус чанарыг хааяа нэг эргэцүүлэн бодож, ухаарч, өөртөө болон хэнд ч төвөггүйгээр хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй. Тиймээс хүн ер нь хэзээ ч, хаана ч хэн нэгэнгүйгээр ганцаараа байж сурах хэрэгтэй.
Ганцаараа байхдаа тайван, тухтай, санаачлагатай, бүтээлч, сэтгэл хангалуун байх аргад суралцаж, төлөвшүүлэх нь чухал. Эрдэнэт хүний төрөлд амьдарч буй амьсгалын агшин бүртээ л талархаж, бясалгал тарниа бүтээж, буянт сайн ажил үйлсэд шамдаж явууштай.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Odontsetseg Ganbaatar