Монголчууд бид унасан газар угаасан усаа эрхэмлэн дээдэлж хайрлан хамгаалж түүнийгээ хойч үедээ аман болон бичгийн эх сурвалжаар уламжлан өвлүүлж ирсэн арвин баялаг туршлагатай ард түмэн билээ. Түүний нэгээхэн хэсэг болох Арвай хээрийн тарган бандид Цэвэлванчигдоржийн зохиосон “Барсын нуруувчит бичиг” хэмээх сударт Нарны цээрийн тухай хэрхэн өгүүлсэнийг сийрүүлэн хүргэж байна.

Нар өөд харж морь харах, гадаалахыг цээрлэнэ. Нар мандахаас өмнө, нар шингэснээс хойш орон гэрээс эд юм гаргахыг цээрлэнэ. Хишиг буянаа хямгадахын учир тэр бөлгөө. Нар сар хиртэх үес найрлан цэнгэхийг цээрлэнэ. Хэрэв найр цэнгэл давхацваас завсарлаж тогоо түмпэн нүдэж, дөрвөн нүдтэй улаан халтар нохойгоо турхирч боргуулна.
Нар хиртэж байгааг нүдээрээ шууд эгцлэн харахыг цээрлэнэ. Зайлшгүй харах болвол бараан шил, тортог суулгасан шилээр харна. Хиртэж буй нарыг нүдээр эгцлэн харваас муу гэмтэй гэдэг. Нартай халуун өдөр малгайгүй явах, нялх хүүхэд , нялх төл малыг гадаа удаан байлгахыг цээрлэнэ.
Наршина. Нар, сар, од тэнгэрийг хараах цээртэй. Нар, сарыг хуруугаараа заах цээртэй. Хүндэтгэлгүй болно. Нар, сар, од гариг, тэнгэрийг хараах зүхэх цээртэй. Заяа гомдоно. Нар, сарны гэрлийг толгой дээрээ гэрийн цоорхой юмуу толины гэрлээр тусгаж тоглох цээртэй.
Шээрэн болно.Нар, сарны зүг хар ус, хог шороо цацах нүгэл. Наран өөд эгц харж, хуруугаар чичлэх цээртэй. Хүндэтгэлгүй болно. Монголчуудын цээрлэх ёс нь эртнээс нааш өвөг дээдсийн үлдээсэн байгальтайгаа харьцах, хайрлах ухаан билээ. Өнөө цагт үр хүүхдүүдээ хэлж ярьж ойлгуулах нь бидний үүрэг. Хүн хэлэхээс нааш гэж.