Монголчууд бид унасан газар угаасан усаа эрхэмлэн дээдэлж хайрлан хамгаалж түүнийгээ хойч үедээ аман болон бичгийн эх сурвалжаар уламжлан өвлүүлж ирсэн арвин баялаг туршлагатай ард түмэн билээ. Түүний нэгээхэн хэсэг болох Арвай хээрийн тарган бандид Цэвэлванчигдоржийн зохиосон “Барсын нуруувчит бичиг” хэмээх сударт нутаглах газар орны цээрийн тухай хэрхэн өгүүлсэнийг сийрүүлэн хүргэж байна.
Газар усны цээр: Буга намнахаас цэрвэнэ. Лусын унаа тул лусыг явгалчихвий гэдэг. Шулуун сухай авдаггүй/шулам биелэнэ. Сонгинын хальс шатаадаггүй /нүд сохрох/ малын нүд өвдөх. Шувууны өд галд хийдэггүй. Өнчин дэрснээс тойрдог. /муу юм шүгэлсэн гэдэг/
Сонгино ухаж/гараар/ авдаггүй. /Ганц хуруудна, үлд гаргана/ Удган модны сүүдэрт суудаггүй. /өвчин олно/ Өнчин ганц модны ойр байхыг цэрвэнэ. /аянга буудаг/ Буцламгай халуун ус, галтай үнсийг газарт асгахыг цээрлэнэ. Гэмгүй хорхой шавьж, ургамал амьтныг хөнөөн нүгэл хураана гэдэг.
Газар гадас шааж орхих цээртэй.Өргөс орхисон адил. Буурь сэлгэн нүүж буй айл гэрийн бууриа цэвэрлэлгүй орхихыг цээрлэнэ.Хог хаягдлыг оромгүй болгон цэвэрлэж нүүнэ. Газар нутгийн сахиулсан хилэгнэнэ, шинэ нутаг ээлгүй болно гэдэг.
Буурин дээрээ яс, үс үлдээхийг цээрлэнэ.Мал сүрэг хорогдоно, хишиг буян дундарна, хот харлаж ядуурна. Буцан нүүдэллэж буй шувуу, тогорууг хуруугаар заах, тоолохыг цээрлэнэ. Тоолбоос аян замдаа барцадтай тоолсон хүнд өлзий бус болно.
Борооны усыг алгаар тосохыг цээрлэнэ. Үл цээрлэвээс тэнгэр задраана, бороо ихдэж, усны аюул болно. Зулзага, үр төлөө дагуулсан ан амьтанг агнахыг цээрлэнэ. Агнаваас эх үрс хагацах. Хаврын гурван сард хээр хөдөө гал алдахыг сэрэмжлэн цээрлэнэ. Зөрчвөөс хангай дэлхийг түймэрт идүүлнэ гэнэ.
Эх сурвалж: Арвай хээрийн тарган бандид Цэвэлванчигдоржийн зохиосон “Барсын нуруувчит бичиг” хэмээх судар