Монголчууд бид унасан газар угаасан усаа эрхэмлэн дээдэлж хайрлан хамгаалж түүнийгээ хойч үедээ аман болон бичгийн эх сурвалжаар уламжлан өвлүүлж ирсэн арвин баялаг туршлагатай ард түмэн билээ. Түүний нэгээхэн хэсэг болох Арвай хээрийн тарган бандид Цэвэлванчигдоржийн зохиосон “Барсын нуруувчит бичиг” хэмээх сударт нутаглах газар орны цээрийн тухай хэрхэн өгүүлсэнийг сийрүүлэн хүргэж байна.
Нар хиртэхээс гэм суувал яах вэ? Нар хиртэхэд түүн өөд эгцлэн шууд ажиглан харахыг цээрлэдэг. Цээрийг зөрөөд хиртэж байгаа нарыг эгцлэн харсан бол нүдний хараа муудаж юмны өнгө дүрс ялгахаа больдог. Тэгчихвэл шөнийн цагт урсгал усан дээр тусаж буй сарны дүрсийг урсгалыг дагуулан удтал ширтэн харж сууваас мөдхөн нарны хор гарч нүдний хараа илааршина гэдэг.
Нар хиртэхийг ажиглах арга: Нар хиртэхэд монголчууд мөнгөн аяганд цэвэр ус хийгээд түүнээ наран зүг харуулан явган ширээн дээр тавиад аягатай усаа ажиглан хардаг байжээ. Мөнгөн аягатай усан дээр нарны дүрс бууж хиртэх нь ч тодорхой харагддаг байна.
Эх сурвалж: Арвай хээрийн тарган бандид Цэвэлванчигдоржийн зохиосон “Барсын нуруувчит бичиг” хэмээх судар