Маргааш Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр. Энэ жил намрын сүүл сарын 22, аргын тооллын 2022/11/15-нд Бурхан Багшийн Эхийн Ачийг хариулсан их дүйчин өдөр тохиож байна.
Бурхан багш 33-н тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар Сүмжү-засүмжийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33-н тэнгэрийн орноос эргэж Замбуу тивд залран ирсэн хэмээдэг.
Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг, жилд тохиох дөрвөн их дүйчэн өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.
Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ээжинйхээ ачлалыг санан, эцэг эхийнхээ ачийг санаж, аль чадахын хирээр ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчдэг өдөр билээ. Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, маань, мигзэм унших, ээж аавдаа туслах, бусдад туслах, цагаан хоол идээх нь тустай.
Мөн хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, мөн ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан “Эцэг эхийн ачийг хариулах” судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжилд ч ихээхэн ач тустай гэж үздэг.
Ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд хичээх өдөр юм. Зул, хүж өргөн эжий аав эх үндэс болсон эрдэнэт дээдсүүддээ сэтгэлийн их тахилыг өргөцгөөе.