Home » Хамба лам Д.Нацагдорж: Хүмүүс бид төрүүлж өсгөж өдий зэрэгт хүргэсэн аав, ээжийгээ бие сэтгэлээр нь зовоохгүй, цог золбоотой явах нь ч буян юм.

Хамба лам Д.Нацагдорж: Хүмүүс бид төрүүлж өсгөж өдий зэрэгт хүргэсэн аав, ээжийгээ бие сэтгэлээр нь зовоохгүй, цог золбоотой явах нь ч буян юм.

by Aurora

…Төрсөн өдрөө тэмдэглэхдээ, “Тэр маань ирсэнгүй, надад бэлэг өгсөнгүй, тийм ч юм авна, ийм ч юм таалагдсангүй” гэх мэтээр бие, хэл, сэтгэлийн сөрөг үйлүүдийг цээрлэж байх нь юу, юунаас чухал. Харин ч та эрдэнэт хүмүүний төрлийг олсон учраас өөрөө бас өглөг, буян үйлдэхийг л санах хэрэгтэй юм.

 

Хүнд төрсөн өдрөөр нь бэлэг өгч чадаагүй ч гэсэн сайхан ерөөл хэлэх нь илүү ач холбогдолтой. Төрсөн өдрийн эзэн хэдий чинээ олон ерөөл авна, төдий чинээ тэр олон хүний ерөөл буянаар тэр хүн сайн сайхан явах үндэс суурь бас бүрддэгийг бодох л хэрэгтэй.

Төрсөн өдрөө тэмдэглэхдээ юуны түрүүнд аав, ээждээ сэтгэлийн үг, ерөөлөө айлтгаж хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй байна. Бас буянт аав, ээждээ буян үйлдэж, ном уншуулах нь цаглашгүй буян. Аав, ээж, ачит багшийнхаа ачийг нь дурсах хэрэгтэй.

Хүмүүс бид төрүүлж өсгөж өдий зэрэгт хүргэсэн аав, ээжийгээ бие сэтгэлээр нь зовоохгүй, цог золбоотой явах нь ч буян юм. Аав, ээжийгээ зовоохгүйн тухайд үр хүүхэд нь зөв ёс зүй, зөв хооллолт, бие сэтгэлийн зөв явдал мөрийг мөрдлөг болгох нь чухал болой.

Аав, ээж нь ч ертөнцийн номт ёсыг дагаж үр хүүхэд, удам угсаандаа дээдийн номын сургаалиас айлдаж, буяны зам мөрийг үлдээх, энэ амьдралаа сайн сайхнаар авч явах нь хүн бүрийн эрхэм үүрэг хариуцлага юм. Төрсөн өдрөө буянд шамдах, буян хишиг хураах, буянт үйлсийн өдөр болгон тэмдэглэх нь гайхамшигтай юм.

Төрсөн өдрөө урьд болон энэ төрлийнхөө дутагдалтай, нүгэл хилэнцийн урхаг байвал наминчлан арилгах өдөр хэмээн буянд шамдах нь гэгээлэг зам мөр юм. Түүнчлэн таны төрсөн өдрийг хүндэтгэж, хамтдаа баярлаж буй найз нөхөд, дотны хүмүүстээ талархал илэрхийлж байгаарай.

Сайхан үг, үзэл бодлоо илэрхийлэхээс гадна өнгөрсөн жилээ дүгнэн цэгнэж, дараачийн он жилүүдэд хийж бүтээх зорилго, төлөвлөгөө, сайхан ерөөл буянаа тэдэндээ танилцуулж, дэмжиж тусалж явахыг хүсэн нь сайн болой.  Аав, ээж, ахан дүүс, найз нөхөд нь ч төрсөн өдрийн эзний давуутай сайн талуудыг хэлэхийн зэрэгцээ бодууштай зүйлд нь ч сургаалиа хайрлах хэрэгтэй юм.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Бусдад туслахуй анагаах ухааны Манба дацан хийд

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!