Бурхан багш өөрийг нь төрүүлээд 7 хоногийн дараа өөд болж 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 41 насандаа 33 тэнгэрийн оронд морилж очоод ээждээ болон бусад тэнгэрүүдэд 3 сарын турш дээдийн ном номнон гэгээрэлд хөтлөжээ.
Ээжийнхээ ачийг хариулаад намрын сүүл сарын билгийн тооллын 22-нд тэнгэрийн орноос Замба тивд эргэн залран ирсэн хэмээдэг. Энэ өдрийг Монголчууд “Эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр” хэмээдэг бол Төвөдүүд “Тэнгэрээс буусан дүйчэн” гэдэг.
Эл дүйчэн өдөр Монголчууд эрт дээр үеэсээ эцэг эхийн энгүй их ачийг санан дурсаж, эцэг эхдээ шүтэж буян хураадаг, ижий болсон 6 зүйлийн хамаг амьтны ачийг хариулахын тухайд их хөлгөний “Тэтгэн ариусгахуй” сахил сахидаг уламжлалтай.
Буяны хүчийг нэмдэг, арвидуулдаг гурван хүчин зүйл цогцолж байна
- Дүйчэн өдөр хийсэн буян бүхэн арвиддаг.
- Тэгчэн сожон сахил сахиж буй үед хураасан буян цаглашгүй арвидана.
- Буяныг олуулаа хийснээр уурын мунхагаар шамшигдахгүйгээр арвиддаг.
Тэтгэн ариусгахуй сахилын 8 сахигдахуун ба тус эрдэм. 1. Амьтны амь хөнөөхийг тэвчсэнээр энэ хийгээд хойдын төрөлдөө урт удаан наслаж, үзэсгэлэн төгс болоод өвчин зовлонгүй амьдарна. 2. Эс өгснийг авахыг тэвчсэнээр энэ хийгээд хойдын төрөлдөө эд баялагтай, элбэг хангалуун болох ба хэн нэгэн хорлохгүй.
3. Нэг өдрийн турш хосын үйлийг тэвчсэнээр энэ хийгээд хойд төрөлдөө сайхан бие бялдартай, мэдрэхүйн эрхтэн бүтэн байна. 4. Худал хэлэх үйлийг тэвчсэнээр энэ ба хойдын төрөлдөө хүнд хууртахгүй ба хэлсэн үгийг нь бусад анхааран авах болно.
5. Тамхи тэргүүтэй хортой зүйлийг хэрэглэхийг тэвчсэнээр энэ ба хойд төрөлдөө тогтвортой, сэрэмжтэй, саруул ухаантай, тод мэдрэхүйтэй болох болно. 6. Өндөр, үнэтэй, хүндтэй суудал болон сэнтийд суухыг тэвчсэнээр энэ хийгээд хойдын төрөлдөө бусдын магтаал хүндэтгэлийг хүлээнэ.
Тохилог сайхан орон гэртэй, аялж зорчиход хэрэглэх унаа хөсөгөөр элбэг байна. 7. Цаг бусын идээ буюу нар голлосноос хойш аман идээг тэвчсэнээр энэ ба хойдын төрөлдөө идээ ундаагаар элбэг хангалууун, арвин сайн ургацтай болно.
/Нар голлохоос өмнө мах, сонгино, сармисгүй хоол иднэ./ 8. Үнэртэй ус, чимэг зүүлт зүүхийг тэвчсэнээр энэ ба хойдын төрөлдөө сайхан үнэртэй, гоо үзэсгэлэнтэй биеийг эрхшээх болно. Амьтан бүхэн Бурхан багш лугаа адил тэргүүлшгүй цагаас ээж аав болж ачилсан хамаг амьтны энгүй их ачийг хариулах болтугай.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Жавзандамба хутагт төв