1.Сайн муу хоёрт Сацуу сургамж буй Сайн явснаа Санан хичээгтүн Муу явснаа Жигшин хичээгтүн 2.Алгуур аялахуй ану Амьдын хөлөг буюу Авираа өөрөө мэдэгч Гүйцэшгүй сэцэн буюу 3.Дэмий балай донгодон Хойморт суухыг цээрлэ Дэлхийг дагуулав хэмээн Худал өгүүлэхийг цээрлэ
4.Худал өгүүлэхийг Хулгай адил цээрлэ Хуурмаг авирлахыг Урвах адил цээрлэ 5.Идэх өмсөхийг Бах болгохыг цээрлэ Идэр насаа Дэмий үрэхийг цээрлэ 6.Төрсөн эл алд бие Үхэн үхтэл хайран тул Төгсөх өдөр хүртэл Үйлийн сайныг бүтээ
7.Төрөөд төлжөөд Төгсөх жамыг Өт хорхой ч Өлхөн дагамуй Төрсөн биеэ Засан хүмүүжээд Өөдлөн явахыг Хүн бүр чадмуй. 8. Биеэ засан үл чадагч Гэрээ засна гэхүл инээдэм Гэрээ засан үл чадагч Төрөө засна гэхүл шившиг 9.Омогшиж ухаанаа Бүү гээгтүн Омтгойрч бусдыг Бүү ашгигтун
10.Ялихгүй зусар Хөлжихөд саад аж Шалихгүй омог Аминд халтай аж 11.Сайн үг сонсохуй дор Сайтар тунгаан тогтоо Сайн үгс үнэн агаад Саруул ухаан тэтгэмүй 12.Саар үг сонсохуй дор Сайтар тунгаан шинж Саар үгс худал агаад Сэтгэл хорлон урвуулмуй
13.Сэцэн билигтийг дагавал Санасандаа хүрэх дөт буй за Сэцэн билигтээс сурвал Сэтгэл саруусан гэгээрмүй зэ 14.Барсын арьс тугал нөмрөөд Барс адил эс архирах буй за Тугалын арьс барс нөмрөөд Тугал адил эс мөөрөх буй за 15.Итгэлтэн олон буй за,гэвч Өөрийн бие мэт итгэлт үгүй
Дотносох олон буй за,гэвч Өөрийн сэтгэлээс дотно үгүй 16. Хайрлах олон буй за,гэвч Өөрийн аминаас хайран үгүй Ариун явбал алзахгүй аж Сэрж явбал насад өлзий аж 17.Атгаг муу санахаас илүү Атаат дайсан хүмүнд үгүй Халтай мууг хэлэхээс илүү Хэрцгий мунхаг авир үгүй