Home » Сүнс хаанаас ирээд хаана оршдог вэ?

Сүнс хаанаас ирээд хаана оршдог вэ?

by Aurora

Сэтгэл хаана оршдог вэ? Сэтгэл нь өөрийн бие махбодод түшиглэж оршино. Бид хязгааргүй цаг хугацааны туршид, хязгааргүй орон зайгаар тэнэж, бас хязгааргүй олон сайн, муу үйлийг үйлдэж, тэрнийхээ үрийг эдлэж байдаг бүхний суурь болох “Тийн мэдэл” буюу сүнс юм. Сүнс өөрөө сэтгэл, оюун бодол, амь нас зэргийн орон нь юм.

 

 

Өөрөөр хэлбэл, хов хоосон, баригддаггүй зүйл биш. Тэр ч бүү хэл, хүний биетэй адилхан гал, ус, шороо, хий, огторгуй гэсэн таван махбодын бүтэцтэй. Энэхүү сүнс нь ямар нэгэн төрлийн амьд махбодыг түшиглэн оршиж байдаг. Хэрэв тэрхүү түшиглэж буй бие махбод өвчилнө.

Эсвэл бэртэж гэмтэх, элэгдэж доройтох, нас барагдах, үйл барагдах, буян барагдах зэргээр сүнсний үйл ажиллагаа хэвийн орших боломжгүй болвол тэрээр биеэс гарснаар тэр төрөл нь дуусгавар болж үхнэ.  Харин биеэс салсан сүнс нь урьд төрлүүддээ өөрийн үйлдсэн үйлийнхээ эрхээр өөр нэгэн төрөлд зохицсон биеийг түшиглэж дахин амилаж амьдардаг.

Нэг төрлөөс нөгөө төрөлд шилжихдээ ямар нэгэн биегүйгээр зуурдын төрөлд хэсэг хугацаанд байж байгаад үйлийнхээ эрхээр зургаан зүйлийн аль нэгэн төрлийн биед оршдог. Ийнхүү зургаан зүйлийн төрөл буюу тэнгэрийн төрөл, тэнгэр бусын төрөл, хүний төрөл, адгуусны төрөл, бирдийн төрөл, тамын төрөл гэсэн төрлүүдээр тэнэж, өөрийн үйлдсэн буяныхаа үрэнд жаргалыг эдлэж, нүглийн үрэнд зовлонг эдлэсээр үргэлжилж байдаг.

 

 

Дээрх зургаан зүйлийн төрөл бүгд л зовлонгийн мөн чанартай бөгөөд тухайн төрлийн амьтдын нийтлэг эдэлдэг зовлон гэж байхаас гадна, амьтан тус бүрийн өөрийнх нь үйлээс хамааран эдлэх зовлон, жаргал нь янз бүр байдаг. Тийм учраас өөрийн үйлдсэнийг өөрөө эдлэх нь гарцаагүй.

Гэхдээ энэ зургаан төрөл дотроос хүний төрөлд орсон сүнс нь рома, жанма, ум гэсэн гурван судсаар тэжээгддэг таван цул, зургаан сав эрхтний үйл ажиллагаа болон тунгалгуудын шимээр тэжээгдэж байдаг таван мэдрэхүйн мэдээллээр дамжуулан үйлээ үйлдэж, үрээ хурааж байдаг. Тийм учраас хүний төрлийг оюун ухааны болон сэтгэлийн өндөр хөгжилд хүрэх боломжтой хамгийн сайн төрөл гэж үздэг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж:  Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!