Өглөө болоход цас орсон байх нь сайхан Өрхний оосор даялахад тооноор цас унах сайхан Гадаа уул толгод гялалзах нь сайхан Ганц нэг өвс салхинд сэвэлзэх нь сайхан.
Үдэш орой айлын гэрэл харагдах сайхан Үрээ морины хөл хөнгөрөх сайхан Хонох айлд үеийн бүсгүй байх сайхан Хоточ нохой сарны гэрэлд хуцах сайхан. Тооноор цас будран орох нь сайхан Тогооны таган дээр унаад хайлах нь сайхан

Гэрийн хойморт аав суух сайхан Гэрэлтэй үүдээр ижий орж ирэх сайхан. Хөтлийн оройд нар тусах сайхан Хөсөг тэрэг гарч ирэх сайхан Тэрэгний дугуй чахран чухран эргэх нь сайхан Тэргэн доороос шувуу нисэх сайхан.
Тэнгэр будангуйрч сундайх нь сайхан Тэртээ холын юм үзэгдэх үгүйтээ нь сайхан
Салхи эргэж утаа хуйрагнах сайхан Цас эргэлдэн эргэлдэн малгайлах сайxан Зуухны галд нозоорон нойр хүрэх сайхан Зуны орой согтов гэж тэрхэн зуур зүүрмэглэх сайхан Хээ, Цай уу гэж бүдэг бадаг үг дуулах сайхан Цайдам хоолойтой цайвалзаж цахилах сайхан Цаадах уулс гял гялсхийн харагдах сайхан
Цас шуурч тогтоод гялбас гялбасхийх сайхан Цагаан өндөр мэлтэс мэлтэсхийх сайхан Одод тодрох нь сарны ойролцоо илүү сайхан Онгон талд адуу минь байх шиг сайхан Он цагийн гурван марал бодол зөгнөх сайхан Ондоо гаригийн хөлөг ирж явах шиг сайхан
Цас орон орон лавсах нь сайхан Цаг эргэж ирэх сайхан Царайлагхан чамайгаа, намайг тоогоогүйг тоосон гэж бодох сайхан Цаг гэрт цохилсоор байх нь сайхан Тэргэл сартай шөнө гадаа зогсох сайхан Тэргэн дээр хураасан бараа сүглийх нь сайхан Тэртээх хөндий цайвартаж сүүдэртэх нь сайхан
Тийшээ очмооргүй аймар санагдах сайхан. Явган шуурга гадаа исгэрэх сайхан Яндан юмуу нэг юм, хаа нэгтээ дар дархийх сайхан Гэнэт гэнэт нүдгүйлэн харанхуйлах нь сайхан Гэрийн хаяагаар цас хунгарлах нь сайхан Айлын гэрээс хүмүүс гарцгаах нь сайхан
Арилсан тэнгэрт шувууд нисэх сайхан Уул тал руу гүйх сайхан Улаан хацартай хүүхдүүд тоглох сайхан Үдшийн бүрийгээр ирэх сайхан Үүрийн гэрээгээр явах сайхан Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан Эх нутаг минь шүлэг шиг сайхан Эх орон минь дуу шиг сайхан Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан Эрээн цавд цас орох сайхан
Эх сурвалж: Яруу найрагч Д. Нямсүрэн Дөрвөн цаг шүлгийн хэсгээс