Home » Аз таарвал ТА энэ бүхнийг даван туулж, өөрийгөө өөрчлөх аргаа олно. Зовлон шаналлаас гоо үзэсгэлэнг, уур хилэнгээс хүлцэнгүй чанар, айдас түгшүүрээс амжилт бүтээлийг…

Аз таарвал ТА энэ бүхнийг даван туулж, өөрийгөө өөрчлөх аргаа олно. Зовлон шаналлаас гоо үзэсгэлэнг, уур хилэнгээс хүлцэнгүй чанар, айдас түгшүүрээс амжилт бүтээлийг…

by Aurora

Аз таарвал чи ганцаархнаа үлдэж хоцорно. Хажуудаа ганц ч хүнгүй, орь ганцаараа үлдээд газар дэлхий хийгээд өөрийгөө л тулж түшихэд хүрнэ.
Цаг нь болж чамд аз таарвал тэнгэр чамайг ниргэж мөн чанарыг чинь ил гаргана… яг л самрын ясыг хага цохиж доторх чөмгийг нь гаргаж авдаг шиг.

 

 

Цаг нь болж чамд аз таарвал сэтгэл чинь энэлэн шаналах болно. Бараг үхээд, дотроосоо дахин төрөхөд чинь түлхэц болохуйц тийм ихээр шанална. Цаг нь болж чамд аз таарвал чи асгартал уйлах бөгөөд нулимсаа барьж дийлэхээ байна. Мэлмэрэн урсах нулимсыг чинь дагаад эрх чөлөө хийгээд жинхэнэ амьдрал ирнэ.

Цаг нь болж чамд аз таарвал чи бусдын дэргэд эмзэг сул талаа дэлгэн харуулах бөгөөд түүнийгээ нууж хаахын аргагүйд хүрнэ. Тэр цагт хэн чиний талд зогсож… хэн чамайг орхин одохыг чи олж харна. Аз таарвал чи асуултынхаа хариултыг олж үл чадна. Тэр цагт чи аливааг өөрөө санаачлан бүтээж эхэлнэ.

Аз таарвал бусад хүмүүс, үзэл санаа, багш номлогч нар болон цагаан шидтэнгүүдэд чи урам хугарна. Энэ бүхнийг даван туулсны эцэст чи бодит ертөнцийг сая олж харна. Цаг нь болж аз таарвал чамд зөвлөгөө өгчих хүн олдохгүй… бүр ганц ч хүн. Тэр цагт чи сэтгэл доторх луужингаа дагаж эхэлнэ.

 

Цаг нь болж аз таарвал чамд тэсэхийн аргагүй бэрх болно. Тэр цагт чи ямар нэгэн юм хийх эсвэл бүхнийг зөнд нь хаяж, хувь тавиландаа л найдахад хүрнэ. Аз таарвал чи алдана, хууртана, араараа тавиулж, бараг бяц даруулна. Тэр “бараг” гээч нь нүүрэнд чинь үрчлээс болон сууж, насан туршид чинь сургамж болон үлдэнэ.

Аз таарвал чи хамаг мөнгөө барна. Тэр цагт чи, өмнө нь мөнгө төлөөд л болчихдог байсан хүмүүстэйгээ жинхэнэ харилцаанд ороход хүрнэ. Аз таарвал чи асар их мөнгөтэй болно. Чингээд “мөнгө бол аз жаргалын түлхүүр” гэх төөрөгдөл замхран алга болохуйд цөхрөлийг чи гүнээ мэдэрнэ.

Аз таарвал хүн болгон чамд сайн байхгүй. Тэр цагт чи үнэт зүйлсээ тодорхойлж, улмаар бүх хүнд таалагдах хүсэл хоолойг чинь боохоо болино. Аз таарвал хайртай дотно хүн чинь чамаас урвана. Тэр үед чи аз жаргалтай хором бүрийн үнэ цэнийг сая нэг ухаарна.

 

Аз таарвал чи хайрттайгаа нүүр нүүрээрээ учирна. Тэр цагт чинийх болон түүнийх гэх хоёр ертөнц мөн адил учирна. Шүргэлцэх төдий орших хоёр ертөнцийн хооронд орон зай байдгийг чи мэдрэх болно. Аз таарвал чи энэ бүхнийг даван туулж, өөрийгөө өөрчлөх аргаа олно.

Зовлон шаналлаас гоо үзэсгэлэнг, уур хилэнгээс хүлцэнгүй чанар, айдас түгшүүрээс амжилт бүтээл, баяр хөөрөөс урам зориг бий болгож сэтгэл зүрхнээс гэмшил, ичгүүрийг яг л цэвэрлэгч адил шүүрдэж арилгадаг… сэтгэлийн шархыг (далд ертөнцөд нэвтрэх) үүд хаалга болгон хувиргадаг “сэтгэлийн алхимийг” өөрийн биеэр мэдэрнэ… Цаг нь болж чамд аз таарвал шүү…

Эх сурвалж: Орчулсан:  Uka Ulziibat  “Аглая Датешидзе”

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!