Монголчуудын ёс заншилд гэрийн хүмүүжил асар их ач холбогдолтой байв. Энэ нь ардын сурган хүмүүжүүлэх ухаан мөн. Гэрийн ёсыг эх хүн голдуу хариуцаж, эцэг нь хянаж бататгадаг уламжлалтай.
Гэрийн хүмүүжлийн гол зүйлд: багаас нь ажилд сургах, байгаль орчиноо ажиглах, бэрхшээл зовлонг давж сургах. Үнэнч шударга байх, аав ээж, лам багш, ахмад хүмүүсийг хүндэтгэх ёс заншилд сургах, дүү нараа асрах гэсэн хэдэн чиглэл үе удам дамжисаар иржээ.
Эцэг хүний таван эрдэм буй.
- Уужим ухаан
- Хатан зориг
- Бат журам
- Өрх гэрийн түшиг
- Үр хүүхдийн сүр сүлд
Эцэг хүний цээрлэх найман зүйл буй.
- Бор дарсанд үл шунах
- Болчимгүй үгэнд үл автах
- Болохгүй хэргийг үл сэдэх
- Богд Чингэсийн сургаальд үл тэрслэх
- Үр хүүхдээ үл хараах
- Үнэн ханийг үл гомдоох
- Үйлийн хэцүүгээс үл зугтах
- Өмсөхийн өнгөнд үл автах
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.