Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Монголчуудын цээрлэх Хүний ёсоноос хүргэж байна.
Хүнд юм өгөхдөө шидэх, чулуудах, хаяхыг цээрлэнэ. Заавал хоёр гараар барих буюу баруун гартаа барин зүүн гараараа тохой дороос нь түшиж өргөн барина.

Хүнд юм өгөх, хүнээс юм авахдаа хуруундаа өлгөх, гарын салаагаар авах, өгөхийг цээрлэнэ. Зөрчвөөс хишиг буянд муу гэх буюу ичгүүргүй, Ёс мэдэхгүй гэгдэнэ. Хүний (хар элгийн хүн) хажууд хүүхэд багачуудаа загнан зандрах, зэмлэхийг цээрлэнэ.
Гаднын хүн байхад зайлшгүй анхааруулах болон зөөлөн дуугаар сануулах, тун болохгуй бол нүднийхээ харцаар зэмлэнэ. Үл хэрэгсвээс хүүхдийн зан эвдэрнэ, үг үнэгүй болно гэнэ. Хүний дэргэд хэхрэх, унгахыг цээрлэнэ. Зөрчвөөс болхи толхи, заваан гэгдэнэ. Басхүү жигшигдэнэ.
Хүний дэргэд хамар амаа ухахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс бүдүүлэг гэгдэнэ. Дургүйг хүргэнэ. Хүний дэргэд амаа халхлахгүй эвшээх, биеэ маажих, гутлаа тайлахыг цээрлэнэ. Тийн үйлдвээс бусдын ойг гутаана, өөрөө үнэ хүндээ барна.
Хүний дэргэд өмдөө тэлээлэхийг цээрлэнэ. Галзуу солиотой, эргүү мунхаг, эрээ цээр мэдэхгүй бүдүүлэг хүн л тийн үйлдэх бөлгөө. Эм хүн уйлан дуугарч хэрүүл хийдэггүй, эрдээ халгаатай гэгдэх тул цээрлэдэг. Эр хүн хормой сул бол үрдээ халгаатай тул цээрлэдэг.