2022 оны 12-р сарын 18-нд Зулын 25-ны билигт сайн өдөр тохиож байна. Энэ өдөр үйлдсэн буян 1000 дахин үрждэг хэмээн эртнээс билэгшээж ирсэн билээ.
Билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг монголчууд эртнээс бэлгэшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Учир нь эрдэмтэн, судлаачдын ном зохиолд бичсэнээр, бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны “Алтан унжлага” хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна.
Мөн Богд Зонхов наймдугаар жарны шороон гахай жилийн (1419 он) аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсчээ. Түүнээс хойш бурханы шашинтан хэн боловч энэ өдрийг “Зулын 25” хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна.
Энэ өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг. Энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг мөн цээрлэдэг. Энэ дүйчэн өдөрт Мэгзэмээ сайхан уншиж, Богд ламын айлдсан магтаалуудыг даган баясаж, бие биедээ тусалж, эвсэн найрсаж, эрдэм мэдлэг, нигүүлсэл энэрэлийг нь бодож гэр орондоо нэг ч хэрүүл уруул, хараал хэлэхгүй байх хэрэгтэй.
Нэг өдрийн явдлаас л цаашаа бүх л амьдралын юм үүсч байдаг. Тийм учраас энэ өдөр бие, хэл, сэтгэл гурваараа буян хийж, өөрийхөө сэтгэлийн дээр авьяас тогтолтуудыг гүн гүнзгий тусгаж авахад энэ дүйчэн өдрүүдийн ач тус их байгаа юм. Мэгзэм бол Богд ламын зүрхэн тарни бөгөөд монголчууд бидний үеийн үед уншиж ирсэн амны уншлага юм.