Эргэл гороо хийх. Хүрээ хийд, сүм дуган, суврага шүтээн, бурхан шүтээн залсан гэр орныг нар зөв буюу баруун эргэн гороолдог. Эргэл хийх үедээ өөрийн мэддэг маани, мэгзим, тарнийг урин уншина. Эргэл гороо хийх нь буян хураахын зэрэгцээ хүний эрүүл мэнд, урт наслахад тустай.
Бурхан шүтээнд мөргөх. Мөргөл залбирал үйлдэхдээ Бурхан, Ном, Хувраг гурван эрдэнэд итгэн сүсэглэх бөгөөд бие, хэл, сэтгэлийн нүгэл хилэнцээ арилган ариусгаж, улмаар гэгээрлийн хутгийг олохын эрдэм төрүүлж адисла хэмээн санаж сүсэглээрэй.
Мөргөл нь сунаж болон хумьж мөргөх гэсэн хоёр янз байна. Бүтэн буюу сунаж мөргөх нь бүх биеэ газарт буулган хоёр өвдөг, тохой, толгойгоо хүргэх, хагас буюу хумьж мөргөх нь өвдөг, тохой, толгойгоороо газарт хүрэн биеэ хумьж мөргөхийг хэлнэ.
Мөргөл залбиралыг үйлдэхдээ хоёр гарын хурууны үзүүрүүдийг нийлүүлэн хавсарч алганы хоорон дахь хөндий зайруу хоёр эрхий хуруугаа нугалан оруулах байдлаар алгаа хавсран тэр чигээр нь алгаа орой дээрээ авчирч бурхан багшийн лагшинд, доош буулган хоёр хөмсөгний хооронд авчирч
Бурхан багшийн сангийн үсэнд, түүнээс доош буулган хоолойд авчирч Бурхан багшийн зарлигт, түүнээс доош буулган зүрхэн тушаа газарт авчирч бурхан багшийн таалалд биширч залбирна. Мөргөл нь буяныг цаглашгүй ихээр хурааж, нүгэл хилэнцийг арилган, омгийн сэтгэлийг дарахын тус эрдэмтэй. Мөргөл хүний эрүүл мэндэд ч тустай.
Эх сурвалж: Гандантэгчинлэн хийд