Home » Зул өргөх ёс: Зулын гол ороож буй хөвөндөө хир буртаг байтугай амны уур, амьсгаа, шүлс зэргийг халдаахыг цээрлэдэг.

Зул өргөх ёс: Зулын гол ороож буй хөвөндөө хир буртаг байтугай амны уур, амьсгаа, шүлс зэргийг халдаахыг цээрлэдэг.

by Aurora

Зул өргөхдөө үнэн сүсэг бишрэлээр бодь сэтгэлийг үүсгэн лам гурван эрдэнэд залбирч мунхагийн харанхуйг арилгах оюун ухаан билгүүний гэгээ улам бүр гийж, хамаг амьтан мунхагийн харанхуйгаас гэтлэх болтугай, бурхад бүгдийн мэлмий баясаж гэгээн буян арвижиж, гэм нүгэл нимгэрэх болтугай хэмээн чин сүжгийг ургуулан бодож өргөх учиртай.

 

Зул бүтээхдээ цэвэр ариуныг эрхэмлэн гараа сайтар угааж зулын голыг алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйлсээр хийсэн цөгцний хэмжээнд чанга, сул, өндөр, намыг нь тааруулан цэвэр хөвөнгөөр нар зөв ороож хийдэг. Зулын гол ороох үедээ язгуурын гурван бурхны зүрхэн тарни / Ум ма ни бад мэ хум, Ум а ра ва за на ди, Ум базар вани хум пад/, гурван очирын тарни /Ум аа хум / зэргийг урин уншиж буян бодож ороодог.

Том цөгцөнд хийх зулын голыг дан хөвөнгөөр хийвэл тосонд нэвтрэхээрээ босдоггүй унадаг тул хятад тэвнэ, алт, мөнгө, төмөр, хуурай өвсний гадуур хөвөнгөөр ороож хийдэг. Зулын гол ороож буй хөвөндөө хир буртаг байтугай амны уур, амьсгаа, шүлс зэргийг халдаахыг цээрлэдэг.

Зулын гол хэт бүдүүн сул бол хурдан жаргадгаас гадна хэт хурдан жаргахад тэр хүний нас богиносно гэдэг. Харин гол нь яг таарсан бөгөөд тэр хэмжээгээрээ зул удаж жаргах тусам нас нь уртасна гэдэг. Хэт хатуу чанга, нарийн бол дутуу жаргадаг, таарсан бол гэрэл нь тод тогтвортой удаан байдаг байна.

 

Голоо цөгцөнд шигтгэхдээ нарийн үзүүртэй сэтгүүрээр дарах буюу өөрийг нь нар зөв эргүүлж шигтгэдэг. Үүний дараа амьтны гаралтай биш сүүний шим болсон шар тос болон ургамлын шим болсон ургамлын тос зэрэг хилэнцгүй, ариун сайхан шинэ тосыг зулын голыг дагуулан нар зөв тойруулж хийдэг.

Тосоо цөгцөнд хийж байхдаа амандаа “Ум аа хум” тарнийг урин уншдаг. Энэ нь тахилыг бохирдуулах ад зэтгэрийн хорлолоос зулыг хамгаалах буяны сэдлийг төрүүлдэг. Цөгцөнд тос цутгахдаа хэт бялхааваас санваар ёс цалгардах, хэт дундуур бол эд эдлэл хомсдох гэм гарах тул тосыг цөгцний амсраас амуу тарианы хэмжээний дундуур хийдэг байна.

Амьтны гаралтай өөхөн тосоор зул өргөх нь зул тахил биш ахуйн зориулалттай дэн гэрэл болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Ургамлын тос нь ургамлын үрийн хилэнцгүй тос тул зул өргөж болно. Ихэвчлэн шинэ шар тосоор зул өргөдөг. Зул асаах, зул бүтээх үедээ амьсгалаа оруулалгүй, амны хаалт хийж хэвшвэл зохимжтой. Бурхан, шүтээнийхээ өмнө зул өргөхдөө:

 

Энэ зулыг шамдан өргөсний ерөөлөөр Эрхэм билгүүний гэгээг түргэн олоод Эх болсон хамаг амьтан бүгдийн Эмгэнэлт мунхагийн харанхуй хирийг арилгах болтугай. Тосон далай машид хуйларсны дунд Тод мянган гэрэл бадраасан зул үүгээр Түйтгэрт харанхуй галбыг хоцроолгүй гийгүүлээд

Төөрөлдсөн амьтад Бурханыг илтэд үзэх болтугай гэсэн ерөөл тавьж “Ум аа хум” “Ум зула зула бара бара зула суухаа” тарнийг уншин олон бурхадад залбирахын зэрэгцээ эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд хэмээн сэтгэж зулаа асаадаг.

Хэрвээ зул өргөсөн бол тэр орчинд хэрүүл шуугиан гаргах, худал хэлэх,зэрэг гэм нүгэл гаргахгүй байхад анхаарч зулыг жаргах хүртэл сэтгэлдээ ариусахуйг бодож нэгэнт бадраасан зулыг байрнаас нь хөдөлгөх, жаргахаас нь өмнө үлээн унтраахыг цээрлэх ёстой.

Эх сурвалж: Доктор гавж Ш. Сонинбая

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!