Home » Бодь мөрийн зэрэг судрыг айлдсан Богд Зонховын шастир

Бодь мөрийн зэрэг судрыг айлдсан Богд Зонховын шастир

by Aurora

Буддын шашныг шинэтгэгч, гэлүгбагийн ёсыг үндэслэгч Богд Зонхов (төвөд хэлээр ཙོང་ཁ་པ་; Tsong-kha-pa 1357-1419, жинхэнэ нэр нь Лувсандагва) нь 1357 онд Төвөдийн Амдо мужид, Хөх нуурын “Зонх ” хэмээх нэртэй газар Монгол эцэг, Төвд ээжийн хүү болон мэндэлжээ.

 

Зонх гэдгийг монгол хэлнээ орчуулбал газрын хүн хэмээсэн утгатай. Тэрээр төрсөн нутгийнхаа нэрээр олонд “Зонхов” хэмээн алдаршсан байна. Лувсандагва нь монгол хүн болох талаар “Агваанчойндор гуайн ярьсан монгол, түвд шашны аман түүх ” хэмээх номын 388-393-р хуудсанд, Төвөдийн сурвалж бичигт түүнийг монгол хүн хэмээн бичсэн буй. Түүнийг буддын уламжлалт түүхэнд хоёрдугаар Будда, Манзуширийн хувилгаан гэж үздэг.

Тэрээр “Таван зэргийг гийгүүлэгч зул, сайтар номлосон алтан эрхи” хэмээх шастир, “Охин тэнгэрийн магтаал”, “Парчингийн тайлбар” зэрэг бүтээл туурвижээ. Түүний 18 боть бүтээлээс хамгийн алдартай нь “Бодь мөрийн зэрэг” юм.

 

Зонхов нь 1417 оноос эхлэн сүм дуган бүтээн, түүний дотор бурхан шүтээн, тахил, хурал номын дэг жаяг, лам нарын хувцас өмсгөлийг хэрхэх тухай асуудлыг шийдэн, буддын шашинд өөрчлөлт хийсэн гэдэг. Төвөд, монгол лам нарын номын хувцас шар болох, гигү малгай, овоодой малгай, хэлтгий захтай дээл, орхимж, сөөхий гутал өмсөх зэрэг нь Зонховын үеэс эхлэн баримталсан ёс ажээ.

Зонхов олон зуун шавь нартаа бурхны ном сургаал тавин, лүн, ван хүртээж, аглагт нямба бясалгал үйлдэн, олон зуун сүм дуган бүтээх нөр их ажлыг эхлүүлсэн байна.  Анхдугаар Богд Занабазарын бүтээсэн Зонхов Лувсандагвын хүрэл баримал Эрдэнэ зуу сүм музейд хадгалагдаж буй нь ч үүний нэг баталгаа. Энэ их хүн 1419 онд өвлийн эхэн сарын 25-нд насан өөд болсон тул түүний дурсгалыг хүндэтгэн жил бүр зулын 25-ныг тэмдэглэдэг болжээ.

 

Эх сурвалж: mn.wikipedia.org

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!