Бурхдын шалгалт. Надад тохиолдсон зүйлс бол надад тохиолдох ёстой л зүйлс байж. Бурхдаас өгсөн даалгавар намайг хөгжихийг минь шалгах гэсэн сорил л байж. Тиймээс энэ шалгалтанд би одоогоор ямар дүн авсан байна вэ гэдгээ эрэгцүүлэх л тухай ойлголт байхаас биш яагаад тийм зүйлс надад тохиолдчихов, тэрнээс л боллоо, тэр муу хулгайч л намайг тэгээгүй байсан бол гэсэн ойлголт байхгүй.
Яагаад гэвэл надад тохиолдох л ёстой зүйлс байсан учраас. Хэнд ч өс санах шаардлагагүй. Бурхан дааж чадах ачааг нь л өгдөг юм. Хэнийг ч ад үзэх хэрэггүй. Тэд нар чинь бурхдаас чамайг сорихоор явуулсан илч нар. Харин яах гэж энэ даалгаварыг дахин дахин өгөөд байгаа юм бол гэсэн л ойлголт байна. Энд нэг учир байж л таарна даа.
Өөрийгөө мэдэж сэтгэлийн савалгаагаа таньж амгалан тунгалаг оршиж сураасай л гэж юм бишүү? Хэрвээ энэ сорилыг даваж чадахгүй бол үргэлжлүүлээд л чамд даалгавар өгсөөр л байх болно. Өнгөрснийг мартаж, өс хонзонгоо орхиж, өөрийгөө танихад төвлөгч дараагын сорил дээр бусдыг биш өөрийгөө анзаарч шалгалтанд онц дүн авцгаая.
Хүнийг өөрчлөх гэж хичээх хэрэггүй. Учир нь тэр хүнийг өөрчлөх хүч өөрт нь л бий. Харин та өөрийгөө өөрчилж чадна. Тэгэхээр аз жаргалтай байя гэвэл өөрийгөө өөрчил. Өдий хүртэл туулж ирсэн амьдрал чинь зөвхөн таны үйлийн үр. Үүнээс болж би ингэсэн гэж бусдад буруугаа тохож өөрийгөө зовоох учиргүй.
Эх сурвалж: Эрдэнэ Зуу Хийдийн Хамба лам Х.Баасансүрэн