Home » Өнөөдөр зулын 25-ны өдөр тохиож байна. Зулын 25-ны дүйчэн өдөр үйлдсэн буян яагаад үржиж арвиждаг вэ?

Өнөөдөр зулын 25-ны өдөр тохиож байна. Зулын 25-ны дүйчэн өдөр үйлдсэн буян яагаад үржиж арвиждаг вэ?

by Aurora

Богд лам олон зохиол үзүүлсний нэг нь 1419 оны Өвлийн тэргүүн сарын 25-ны энэ өдөр нирваан дүр үзүүлсэн явдал юм. Богд лам анх төрөл болгооход бурхан бүгдийн энэрэхүй сэтгэлийн мөн чанар болсон Жанрайсаг бурхан, бурхан бүгдийн билиг оюуны мөн чанар болсон Манзушир бурхан, бурхан бүгдийн хүч чадлын бэлгэдэл болсон Очирваань бурхан гэсэн язгуурын гурван бурхан нэгэн хүний дүрээр заларсан дээдэс юм.

 

Богд ламын 19 нас сүүдэр зооглох тэр үеэс ном эрдэм, явдал мөр, тааллын ялгамжаа бүгд нь олон хүний сэтгэл, сүжгийн орон болсон. Улмаар, Богд лам номыг сонсоод, сонссоноо өөрт анхааран авч эрхшээн, бусдын сайн сайхан, олон амьтан, шашин амьтны төлөө өдөр шөнө ялгалгүй хичээж, хамаг бүхнээ зориулсан зохиолуудыг үзүүлсэн юм.

Ингэж олон амьтны ач тусыг үзүүлэхийн тухайтад өөрийн болгоосон болгоолт, олон дамжлага, увдис бүгдийг эмхтгэн 18 боть номыг туурвиж, хойч үедээ дамжуулан үлдээснийг шарын шашны урсгал гэж олон мэргэдүүд судлан, ач тусыг нь хүртэж ирсэн.

Ингэж олон зохиол үзүүлсний дотор хүн энэ биеийг олоод, оюунаа улам хөгжүүлж, гэгээрэхийн төлөө явбал ямар түвшинд хүрч болохыг нийтийн буюу судрын ёс, нийтийн бус буюу нууц тарнийн нарийн ёс, бясалгалын зэрэг бүгдийг хослуулан, анхааран авч, завсрын төрөл авалгүй бурханы лагшин биеийг болгоосон зохиолыг Богд лам энэ өдөр үзүүлсэн юм.

 

Богд ламын өөрийн тааллын хүч, Богд ламын тэр өдрийн үзүүлсэн зохиол, Богд ламын сэтгэл, Богд ламыг олон бурхад тэр өдөр ивээж, олон бодьсадба даган баясч байсны хүч, Богд лам үүнээс хойш олон шавь, мэргэдүүд нь энэ өдөр буянд шамдвал гарах ач тусыг таалалдаа болгоосон зэрэг эдгээр бүгдийн хүчээр Зулын 25-ны энэ өдөр ердийн өдрөөс онцгой.

Өөрөөр хэлбэл, энэ өдөр маани уншихад олон дахин үржих, сэтгэл, үг, үйлдлээ сайжруулья гэж жаахан зүтгэл гаргахад зорьж буй эрдэм өөрт амархан төрөх өдөр болж хувирсан юм. Дээрхийг илүү тодруулбал, Богд лам нирваан дүр үзүүлэхээс хэд хоногийн өмнө хамгийн сүүлд уулзахыг болгоосон шавь нартаа ном номлохоор Гандан хийддээ эргэн ирж, номын хувцсаа асааж, нарийн бясалгалд төвлөрч суусан гэдэг.

Ингэж бясалгаад, хамгийн сүүлд нирваан дүр үзүүлэх үед Богд ламын гаднах бүх төрх өдрөөс өдөрт 16-хан настай хүүхэд шиг болж хувирсан байдаг. Үүнийг эрдэмтэн мэргэдүүд “энэ биеийг орхиод завсрын төрөл авах биш, Бурханы лагшинг олох гаднах шинж тэмдэг үзүүлсэн” гэж тайлсан байдаг. Энэ нь хүн болгоны үзүүлж үл чадах гайхамшигтай зохиол юм.

 

Иймд монголчууд Зулын 25-ны энэ өдрийг бэлгэшээн тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Аль чадахаараа яавал зөв үг яриа ярих уу? Яавал биеэрээ сайн үйл, үйлдэл үйлдэх үү? гэдэгт хичээвэл танд тустай. Бүр цаашилбал, таны гэр бүл, хамт олон, ах дүү, монгол орон, энэ дэлхийд шууд биш гэхэд алгуур алгуур дамжиж тусаа өгнө гэж өмнө ингэж хичээж үйлдэж ирсэн хүмүүс айлддаг. Та бүхэн үүнд ч мөн улам хичээгээсэй гэж хүсч байна.

Мөн энэ өдөр Зулын 25 гэж бэлгэшээж байгаа нь зул өргөх юм. Зул өргөхөд голыг нь ороох, тосоо цутгах гэх зэргээр хичээл зүтгэл, шамдал олон бэлгэдэл шингэсэн байдгаар ач тус ихтэй. Тосон зул биш гэхэд, гэрлэн зулыг өргөх ч тустай. Мөн маани, өөрийн мэддэг тарни, бүр илүүтэй Мигзэм сайн уншвал өнөөдөр илүү их ач тустай. Энэ өдрийг та бүхэн анхаарч, өөрт, гэр бүлдээ тустай болгож хувирган авч чадвал, дээр хэлсэнчлэн буян ихээр арвижих, өөрт өмнө нь гарахгүй байсан ахиц дэвшил ихээр гарна.

Зарим хүмүүс Дүйчэн өдөр сайн үйлд мэрийх хэрэгтэй. Бусад өдөр хэрэгггүй юм шиг болох гээд байна уу? гэж шүүмжлэх бий. Бусад өдөр мэрийлгүй яах вэ. Хүн өдөр тутам, цаг мөч тутам аз жаргалыг л хүсч, түүнийг бий болгож байх нь бидний зайлшгүй үүрэг. Тэгвэл байнга аз жаргалтай байхын тулд хүн өдөр байтугай, мөч болгонд үүний төлөө хичээх хэрэгтэй.

 

Үүнийг шүтэн барилдлага гэж хэлдэг. Хүн өнөөдөр ямар үрийг суулгаж, тарина, түүнийхээ үр дүнг амсана гэдэг шиг, хүн мөч болгонд ямар бодол, ямар үг яриа, ямар үйлдлийг бий болгож байна, түүнээс дараа дараагийн юуг амсах, юу тохиолдох нь ирдэг учир бүгдээрээ мөч болгоныг сайн сайхан байлгахын төлөө хичээх хэрэгтэй.

Зөвхөн үг төдий биш, чин сэтгэлээсээ мөч бүрт шамдах хэрэгтэй. Дүйчэн өдөр сайн үйлийг хийвэл, илүү арвиждагаар онцлог гэдгийг та бүхэнд хэлье. Ингээд та бүхэн буян их хураагаарай. Та бүхний буянд даган баясья.

Эх сурвалж: Монгол багшийн айлдвараас….

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!