Монгол ёсонд хүүхэд төрөөд эхний гурав хоногт амьсгаа бүрдэх хугацаа хэмээн үзээд энэ хоногуудад үрийг сайтар ажиж гурав дахь хоногийн шөнө нэр хайрлана.
Сүнсийг бүтэн байлгаж, сартын ертөнцөөс нарт ертөнцөд мэндэлж байна гэдэг утгаар шөнө нэрийг нь шивнэж сүнсийг нь бүтэн болгодог.
Охин хүүхэд бол зүүн чихэнд, хүү бол баруун чихэнд алдрыг шивнэнэ. Мөн нэр шивнэх хүн нь их ёслол төгөлдөр хүн байх учиртай. Хазгай заяат, муу явдалтай хүн нэр шивнэвэл тэр хүмүн шиг амьдрах нигууртай хэмээн цээрлэдэг.
Учир нь өөрийн халуун хийгээр тэр хүүхдэд нэг хувь заяаг шингээж байгаа билэгдэл учраас гэр орныхоо хамгийн хүндлэлтэй хүнээрээ шивнүүлдэг заншилтай. Энэ хүмүн шиг амьдраарай гэсэн хүсэл тээж буй хэрэг юм.
Хүүхдийн нэрийг аль болох бүтэн дуудагдаж байхаар тооцож ѳгнѳ. Хэдий урт нэртэй байсан ч дуудахад эвтэй, үгийн зохицол, аялгуулах хэмжээ тэгш байхад тэр хүний амьдрал,хѳг аялгуу нэр шигээ байна гэж үздэг Хуучин ёсонд, харшуу амьдралыг билэгдэнэ гэж эр, эм эгшиг нийлүүлсэн хоёр үет нэр ѳгѳхийг цээрэлдэг байсан.
Тиймээс хоёр үет нэр, гурван үет нэр байна гэхэд эгшгийг бас л ажиж байх ёстой юм. Дуудахад амьсгаа хий түгдрэлгүй байх хэрэгтэй. Мѳн хүүхдэд ахдах нэр гэж байна. Хардаг Тэнгэр биш учраас удмын бус язгууртны нэр хүндэднэ. Харин ѳѳрийн удамд язгууртан, хардаг Тэнгэр нь байвал агуу нэртэнг ѳгч болдог. Язгууртны заяа яс, цусаа л дагаж, манаж, харж ивээдэг учраас тэр юм.
Будаан дотор нэр хийж сонгох нь шинэ хүмүнийг хүндлэх биш ѳѳртѳѳ тааруулах ёс болдог. Гэвч нутаг нутгийн онцлог бас буй. Удамд ирсэн шинэ хүмүнийг хүндэлж байгаа бол бүх шинжээр нь ажиж, шинжиж байгаад нэрлэх ёстой.
“Алаг дэлхийд аавын алганд Ээжийн элгэнд анхлан мэндлэв, үр минь чи Алтан нарны гэрэлт гялбааг Хоёр мэлмийдээ хүртлээ, үр минь чи Хүн зондоо хүндтэй байж ….. нэрээ Дээдлүүлж яваарай Хѳрст дэлхийд …… нэрээ
Үйлийн сайхнаар мѳнхѳлж алхаарай” хэмээгээд нэрийг ѳгч ерѳѳдѳг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Та Монгол Ээж, Эх Үрийн Судраас…