Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.
Алтан урагт захихуй эрдэм билиг сургаальд буй Чингис хаан айлдаруун: 1.Хүй элгэнээс хагацваас Харь хүмүний идэш болмуй Ураг элгэнээс хагацваас Харь улсын боол болмуй
2.Хаалганаас унасан цасыг Хотны шороо аварюу Хатгалдах дайсан халдваас Хуучин ураг аварюу 3.Өмнөөс цас унавал Өлгийн шороо аварюу Үхэлдэх дайсан халдвал Өтгөсийн ураг аварюу 4.Хүндлэхүйн дээд Төр – эрээ Хашиж түшихийг Охин үр чи мэдтүгэй
Өмнө зүгт Өмхий элэгтэн буйг Өглөө бүр Өрхөө татахдаа Санатугай, Сэрэмжилтүгэй 5.Хойчыг залгах үр сад мину Хаан цолыг хамгаас дээдлэ Хиад боржигины ариун алдрыг Харь цол чимгээр бүү арилжигтун 6.Мөнх тэнгэрийн дор Мөнхрөх жам үгүй Хөрст эл этүгэн дээр Хагацлаас ангид хүмүн үгүй
7.Айлаас айл хагацав хэмээн Андуу эндүү бүү сэтгэгтүн Сүргээс сүрэг хагацав хэмээн Сэтгэл гутан бүү сэжиглэгтүн 8 .Буй биеэ гадасан болгож Хас төрөө бэхэлсү ,би Бүтэхүйн өмнө учирсан Та олон ах дүүс мину Бүтэх төрийн аргамж болж Хас төрөө батлан хичээгтүн
9.Эв эе үгүй ахул та бид Эвдэрч хагацан мөхөх буй за Эв эеэ бөхлөх ахул та бид Хүчийг олж хөрсөтөд мандмуй 10.Айлдсан зарлиг ил дагаад Атгаг далд тэрслэн үйлдэгчийг Аху төрд бүү ойртуулагтун Ахлах суудалд бүү хавьтуул 11.Зарлиг цааз зөрчих ахул Алтан ургийг ч бүү өршөөгтүг Засаглах ёсонд тэрслэх ахул Хаан удмыг ч цээрлүүлэгтүн
12.Төмөр хүрээ мэт андууд мину Төрсөн дүү, хөвүүд мину Төв шударгууг бат сахигтун Төрийн тул соён хатуужигтун 13.Өтгөс нугуд та нар мину Өөрийн тусыг үл санаж Өнөр улс, аху төрийн тулд Өгүүлж ,зөвлөж,засагтун 14.Хөх Монголын уужим хөрсөтөд Мянган толгойт могой амилуузай Хойчыг залгамжлах монгол үрс Өлөнд хучигдсан өгөр болуузай
15.Хиад боржигины сүлд тугийг Хаан эцгийн гал голомтыг Хөвүүдийн отгон сахин мэдтүгэй Хас төрөө дээдлэн түштүгэй 16.Олон иргэнийг Засан эс чадваас Элгэн эс болмуй Их улсыг засаглах ёсон Иргэний сэтгэлийг Олж дагуулахад буй “жочид сургасан үг”
Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Алтан урагт захихуй эрдэм билиг сургааль/