Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.
Нөхрийг танихуй эрдэм билиг сургаальд буй Чингис хаан айлдаруун: 1.Гэм бурууг Зэмлэн хэлэгч Гэмтэн бус Нөхөр буюу 2.Гэм бурууг Зөвшөөн дагагч Нөхөр бус Хорлогч буюу
3.Ухвар сайн хүмүүн Уужуу ухаант аж Ухвар мөчид хүмүүн Уйтан охор ухаант аж 4.Алдас ослоо ахин давтвал Алд биеэ засаагүйн шинж Аламгай олдойг үл жигшвэл Молхи мунхагийн ил шинж 5.Уран үг уралдан хэлэвч Худал ховсоргон ахул Зальхай зусарчийн шинж
6.Олон үг улиглах авч Ончтой ганцыг эс хэлбэл Чалчаа залхагийн шинж 7.Алив хүмүүний үнэн тар Тавхан үгээр танигдмуй Атгаг санаатын авир тар Явдал үйлээр танигдмуй 8.Үнэнч хүмүн Шударга аж Худалч хүмүн Булзамгай аж 9.”За” хэмээн андгайлмуй Завсар үгүй анд болмуй Монголын “За” андгай буй за Мөнх Тэнгэр соёрхох буй за
10.Могойн эрээн гаднаа буй за Хүмүний эрээн дотроо буй за Хар санааг танихад бэрх хэдүй ч Хэлэх үйлдэхүйн зөрүүг шинж 11.Сайныг хэлээд Саарыг үйлдвэл Санаа харыг Таньж болмуй 12.Сайнтай нөхөрлөх ахул Түшиг болмуй Саартай нөхцвөл Уруудан эвдэрмүй
13.Хүмүүний сайныг Нөхөрлөн танигтун Хүлгийн сайныг Унаж мэдэгтүн 14.Сайн хүмүнийг Ад үзэн дарлагч Муу хүмүнээ Амраглах авирт аж 14.Хэрүүл нударга Урьтал болгогч Адгуус авираа Эс гээснийх аж 15.Хэлцэж эедэхийг Түрүү болгогч Хүмүнжиж буй Хүмүн мөн аж
Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Нөхрийг танихуй эрдэм билиг сургааль/