Эрт урьд цагт охин хүүхдийг харьд мордуулдаггүй байв. Нэг авгай гурван охинтой байж. Охид нь том болоход ээж нь хүүхдүүдээ яаж амьдрах бол? гэж санаа зовж суудаг болов. Нэг өдөр авгайнд мэргэн хүн иржээ. Авгай мэргэн хүнээс: – Охидууд томрохоор яавал дээр вэ? гэж асуухад мэргэн хүн мэдэхгүйдээ: – Зараа гэж нэг мэргэн амьтан байдаг юм.
Та түүнээс л асуувал мэднэ дээ гэж хэлжээ. Нэлээд олон хоногийн дараа тэр айл малаа оторлуулаад нүүж явтал зам дээр нь зараа таарав. Охидын ээж зарааг угтаж очоод: – Зараа гуай, танаас нэг зүйл асуух гэсэн юм гэхэд, зараа: – Юун тухай асуух юм? гэв. Авгай: – Манайх урагшаа их хол явахгүй.
Ойрхон бууна. Та орой манайд морилж саатаж болохсон болов уу? гэхэд зараа зөвшөөрчээ. Тэгээд цаашаа холгүй яваад ачаагаа буулгаж, гэрээ бариад: – Орой манайд зараа гэдэг сүрхий мэргэн амьтан ирнэ. Би тэр амьтнаас та гурвын хувь заяаг мэргэлүүлнэ.
Та гурав огт дуугарч, инээлдэж болохгүй шүү гэж хэлэв. Орой болоход зараа айлд хүрч ирээд үүдээр нь орох гэсэнд гэрийн босго өндөр, зарааны хөл богино тул бүдэрч унаад дугариглан өнхөрч орж ирэв гэнэ. Гурван охин зарааны энэ байдлыг үзээд “Энэ муу амьтан бас мэргэн гэнэ шүү, өөрийнхөө дүрийг үз” гээд писхийтэл инээлдчихэв.
Зараа гурван хүүхэн өөрийг нь шоолж байгааг мэдээд уур нь туйлын ихээр хүрч, охидыг муухай харснаа, айлын баруун талд нь олбог дээр очиж суугаад хийж өгсөн цайг нь зөв буруу харан ууж дуусчихаад: – Хар үсийг нь хагалж, хамбан дээлийг нь өмсгөж, хар элэгтэнд барьж өг! гэж хэлчихээд гараад явчихаж гэнэ.
Түүнээс хойш охин хүүхдийг насанд хүрэхээр нь толгойтой үсийг нь хагалж самнаад, хувцас хунараар гоёж гангалаад харийн нутагт төрөл садан бус хүнд өгдөг болсон юм гэнэ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Монгол туургатны үлгэр /тэргүүн дэвтэр/