Home » Сэтгэл дутаж буй бол бодол дутдаг. Бодол дутахад үйл дутдаг тул сэтгэлээ сайтар шинж.

Сэтгэл дутаж буй бол бодол дутдаг. Бодол дутахад үйл дутдаг тул сэтгэлээ сайтар шинж.

by Aurora

Эелдэг хүмүүсээс яагаад хаяа даа догшин авир гардаг гээч. Сайхан сэтгэлээр нь гутлаа арчсан үед л гардаг юм шүү. Байхгүйг хайсаар, байгаагаа голсоор энгийн амьдралыг ээдрээтэй болгодог нь хүмүүн бидний тэнэглэл юм даа. Бусдыг өөрчлөх гэж бүү хичээ.

 

Харин тэдэнд өөрчлөлт ямар хайхамшигтай болохыг өөрийнхөө амьдралаар харуул. Ямар хүмүүст сэтгэл зүрх, цаг заваа зориулахад хайран байдаг гээч. Цагаа тулахаар чамайг гэхгүй, орхиод явах нэгэн. Хичнээн сэтгэл гаргасан ч тоодоггүй, гаргасан сэтгэл, зориулсан цаг хугацааг чинь үнэлдэггүй нэгэн.

Сайн эцэг эхийг олж төрөх их буян, сайн заяаг түшиж төрөх их ерөөл, сайн ханийг онож ханилах их тавилан, сайн нөхдийг таньж нөхөрлөх нь их хувь. Гайхуулах гавъяатай байх албагүй ээ. Гайхалтай сайхан сэтгэлтэй бай. Хүн байхын учир нь энэ.

Сэтгэл дутаж буй бол бодол дутдаг. Бодол дутахад үйл дутдаг тул сэтгэлээ сайтар шинж. Хамгийн хэцүү зовлонтой амьдрал бол ааш нь олдохгүй хүнийг аргадаж, аясыг нь дагаж, үйл хөдлөл бүрээ сэтгэлд нь тааруулах гэж хичээх явдал шүү.

 

Муу хүнээс хариугаа авах гээд өөрөө муу хүн болох хэрэггүй ээ. Зүгээр л орхи, хая тэнгэр аандаа хариуг нь өгнө. Ядарсан нэгэнд дээрэлхүү, яравгар ноёнтонд долгинуур хүмүүст би угаасаа яс махнаасаа дургүй. Жаргалаа бүү хайхуул атаа ихэддэг. Зовлонгоо бүү дэлгэ хов ихэддэг. Жаргал ч хэмжээтэй, зовлон ч бас хэмжээтэй.

Бүгд л урсаад өнгөрнө. Хэсэг хугацааны дараа бүгд дурсамж л болдог. Хайрласан хүнээ нүдэнд нь нулимсгүй, сэтгэлд нь гуниггүй, бодолд нь зовиургүй, зүрхэнд нь шархгүй хайрлаарай. Хүн тэвчээд сурчихвал санах, хүлээх хүртэл жаргал болдог. Хүн итгээд сурчихвал сэтгэл, амьдрал хоёр баян болдог юм шүү. Хүний өчүүхэн ч атугай тусыг цаг ямагт санаж явах хэрэгтэй. Үүнийг л хүн чанар гэнэ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!