Одоогоос олоон жилийн өмнө Хонхорт болсон бөөлөөнийг сонирхож явтал Эзэн хааны Онгод: “Бид эх Дэлхийн төлөө, Эх дэлхийн эс болсон.
Ширхэг өвсний төлөө бууж ирсээн.” гэх мэтээр айлдахыг сонсож билээ.

Тэр үед машин тэргээрээ туучиж, ширхэг өвсийг ч бүү гэмтээ гэж байна хэмээн бодсон ч үгийн чинад руу өнгийлгүй орхижээ. Гэтэл Өвөр Монгол хүн Монголчуудад хандан захиж байна гэнэ ээ, доорх үгийг. “Нэг сантиметр үржил шимт хөрс байгалийн жамаар бүрэлдэхэд 400 жил хэрэгтэй.
Монголын хувьд тэр нандин баялаг болсон үржил шимт хөрсийг хадгалж, тогтоон баригч нь “монгол өвс” юм. Монгол өвс гэдэг ойлголтод нийт 683 төрлийн шимт өвс ургамал багтаж байгаа. Хангайн зарим нутагт очоод хааш хаашаа тохой хэрийн зайтай газар ажиглаж үзэхэд 80 гаруй төрлийн өвс ургамал нягтран ургасан байхыг тогтоож билээ.
Монгол өвсөн бүрхэвч 5-6 жил дараалан ган гачиг тохиолоо ч үндсэндээ халуун амиа тээгээд тэсэн гарах чадалтай байдаг. Тэгээд ганц удаагийн бороо хуртай учрах төдийд урган соёолдог шүү дээ. Тэр дундаа ямар ч их ган гачигтай жил Монголын өдөр шөнийн агаарын хэмийн зөрүүнээс болоод үүр цүүрээр чамгүй их шүүдэр тогтсон байдаг.
Тэрхүү шүүдрийн усыг нар мандаж шүүдэр ууршихаас өмнө ан амьтад хөөцөлдөн давхихдаа хөлөөрөө хөрсөнд шингээж өвс ургамлаа усалж байдгийг бид Монголд хэдэн жил дараалан явуулсан судалгааны явцад олж тогтоосон юм” гэжээ.
Бид дуртай газраараа давхилдан зам гаргах сэтгэлээ энэ хүний мэдээлэлтэй харьцуулан бодоход байгалиа сүйтгэхэд ямар их хувь нэмэр оруулж байгаагаа ухаарах байх даа. Их л зүйл бодогдов. Дээрх айлтгалтай холбон ухвал агуу их ухааныг ганцхан өгүүлбэрт багтаасан нь өгүүлэхүй чадамж мөн ч Их тархинаас ойсон Монгол ухааныг тайлна гэдэг бэрх ажээ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Тэнгэр Монгол Газар