Өвлийн адаг сарын 23-нд Монголчууд ирж буй жилээ угтаж өрх гэрийнхээ галыг тахьдаг уламжлалтай.
Тус өдөр нь өнөөдөр буюу 2023.02.13-ны Даваа гарагт тохиож байна.
Хүн үүсэж өдгөөг хүртэл хувьсаж хөгжих явцдаа гал олж ашиглаж сурсан нь маш чухал ололт байсан. Хүмүүс тэр дундаа Монголчууд гал, тэнгэр, уул усаа шүтэн тахин дээдлэх маш эртний уламжлалтай ард түмэн.
Айл өрхүүд галаа тахьснаар гал голомт ариусан бадарч, муу муухай бузар бүхэн зайлж, ирж буй жилдээ өрх гэрийн гишүүдийн хийморь ажил үйл нь гал мэт мандан бадарч, эдээр баян, сэтгэлээр ариун хиргүй цагаан, эрүүл энх байж алив гай зэтгэр муу зүйл бүхэн тохиохгүй тойрч өнгөрөх адистэдтэй билээ.
Жил бүрийн өвлийн адаг үхэр сарын 23-ны өдөр Монголчууд айл өрх бүр галаа тахиулдаг байсан ч ихэнх нь мартаж, хот суурин, орон сууцанд амьдардаг айл өрхүүдэд ил гал үгүй болсноор гал тахих боломжгүй болжээ. Тиймээс хот сууринд амьдардаг айл өрхүүд, сүсэгтэн олныхоо гал голомтыг тахих зан үйлийг газар нутгийг сахигч хийд дээрээ цуглаж ил галд галын бурханаа тахиж, уламжлалт уншлага, тахил балин, идээ будаагаа галдаа, бурхандаа өргөнө.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Сэцэнханы хүрээ-Гүндүгаварлин хийд