Home » Цагаан сарын баяраар анхаарах зүйлүүд

Цагаан сарын баяраар анхаарах зүйлүүд

by Aurora

Мөр гаргах: Цагаан сарын шинийн нэгний өглөө үйлддэг зан үйл бөгөөд өрхийн тэргүүн өглөө эртлэн наран ургах юмуу эсвэл суусан суудлын сайн зүгт мөрөө эхлэн гаргаж тухайн жилийн цээрээ гаргаж байгаа ёс юм. Эхнэр болон эмэгтэй хүүхэд эл зан үйлийг заавал үйлдэх албагүй бөгөөд эртнээс энэ ёсыг мөрдөж иржээ. Ингэхдээ тухайн жил сар өдрийн хар нохойн ам мөн жилийн аль зүгтээ байгааг мэдэж зүг төөрүүлдэг байна.

 

Золгох: Гэрийн хүмүүс гоё сайхан дээл хувцсаа өмсөөд, гэрийн доторх хамгийн ахмад хүмүүс өвөө, эмээ, аав, ээж нартаа хадгаар золгоно. Дараа нь хөрш саахалтын ахмад хүндтэй хүмүүстэй золгоно. Ийнхүү цагаалга эхэлж, ахмад, залуучууд, хүүхдүүд тус тусдаа ялгаран айл болгонд орж золгох бөгөөд золгохоор ирсэн хүмүүсийг хүндлэн дайлж, бэлэг сэлт барина. Шинэ оны идээ зоог барьсны эцэст айлын хүмүүст өлзийтэй сайхан ерөөл тавьдаг.

Ерөөл сонссон хүн “Тэр ерөөл бат орших болтугай” хэмээн товчхон хариу хэлнэ. Хадагтай золгохдоо хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулна. Хадгаа хүний гар дээр тавихгүй унжуулсан чигээр нь золгоно. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно.

Мэндлэх: Мэнд мэдэх нь хүндэтгэл илэрхийлж байгаагийн илрэл бөгөөд өөрөөс дүү хүн байсан ч “та” хэмээн харьцдаг. Эхлээд амрыг айлтгаад дараа нь улирлын мэндээр мэндэлж, сүүлд нь лавлах мэнд мэддэг. Түүнийг “бүрэн мэнд” гэж нэрлэдэг ажээ.

 

Зочин гийчинтэй мэндлэхдээ бүрэн хувцаслаж товчоо гүйцэд товчилсон байх ёстой. Харь хүнтэй монгол ёсоо даган мэндэлнэ. Уй гашуу тохиолдсон хүнтэй амрыг айлтгаж мэндэлдэггүй, золгодоггүй. Мөн монгол хүн гар зөрүүлж золгодгоос бус гар барьж золгодоггүй.

Ирэх ондоо аз жаргалтай амар төвшин байх, адуу мал нь арвижин олшрохын ерөөл тавин мэндчилдэг. “Бие лагшин тунгалаг уу. Мал сүрэг мэнд оров уу”, “Даага далантай, бяруу булчинтай, хөвгүүд хөрслөг, охид өнгөтэй юү” гэх мэтээр мэндлэн цагаалдаг.

Тамхилах: Хөөргөөр тамхилахдаа толгойг нь суллахгүйгээр тамхилдаггүй. Хөөрөг зөрүүлэхдээ харшуулахыг цээрлэнэ. Энэхүү ёс нь Өндөр гэгээн Занабазарын үеэс ихэд дэлгэрч “мэндийн шар” хэмээн нэрлэгддэг болжээ. Эмэгтэй хүн тамхилахдаа өөрийнхөө хөөргийг магнайдаа хүргээд хоёр гардан ахмад хүн, зочин гийчиндээ барина.

 

Мөн ахмад хүний хөөргийг хоёр гардан аваад өөрийн толгойноос дээш гарган мэхийсгээд буцааж өгдөг заншилтай. Эмэгтэй болон залуу хүмүүс хөөрөгний толгойд хүрэхгүйгээр үнэрлээд буцааж барьдаг. Эвдрэлцсэн хүмүүс байвал хөөрөг зөрүүлж сэтгэлээ цайлгадаг. Хөөрөгний толгойг дарж болдоггүй.

Эв түнжин эвдэрч хоорондоо муудахын тэмдэг гэдэг. Хөөрөг нь бага гарын, дунд гарын, их гарын гэж ялгана. Хөөрөг, гаансаар тамхилах тохиолдолд үгүй гэж хэлж болдоггүй. Гаансаар тамхилахдаа тамхи татдаггүй байсан ч гэсэн соруул талаар нь аваад хацартаа хүргээд буцааж өгнө. Тэгэхдээ гаансны соруулыг нударгаараа арчиж буцаана.

Айлд суудал барих: Гэрийн баруун дээд талд зочдод зориулсан олбог, суудал байдаг. Өрхийн тэргүүлэгчээс зочид ахмад бол баруун дээд талын ил суудалд, үе тэнгийнх бол баруун талд, дүү насных бол баруун өмнө чигт сууна. Зочин эмэгтэй гэрийн эзэгтэйгээс эгч бол түүний дээд талд, дүү бол доод талд нь суудаг ёстой.

 

Ууц хөндөх: Ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина. Бүхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хүзүү, сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мөчнүүдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан, дээрээс нь ууцаараа бүтээж, хамгийн дээр нь толгойгоо тавьдаг.

Махны эх талыг зочин тийш харуулж засна. Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битүүний орой гэрийн эзэн есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хүмүүстээ тарааж өгнө.

Ууцыг зөвхөн гэрийн эзэн буюу хүндэт зочин хөнддөг заншилтай. Шүүсэнд хүрч хөндөхдөө ууц сүүлний голд нэг, дараа нь олон ясны уулзвараас харцаганы хоёр зураа дагуу гурав зүснэ. Дараа нь харцага талын ирмэгээс хоёр зүсэж дээжсийг нэгтгэн галын бурханд хувь болгодог.

 

Зочин хүн олуул яваа бол ахмад нь ууцанд хүрч хөндөөд бусдадаа хувь өгч ёс гүйцэтгэнэ. Ингэхдээ ихэд хүндэтгэл үзүүлэн хишгийг хоёр гараараа өгч авдаг. Бэлэг барих: Бэлэг дотроо олон янз бөгөөд урьд цагт хамгийн хүндтэй хүндээ ар сайтай торго дурдан, алт мөнгөн эдлэл, сор сайтай ангийн үс, соёл хэтэрхий судар ном сэлтийг есөн цагааны бэлгийн хамт барьдаг байжээ.

Ашдын гурван бэлэг гэдэгт цагаан хив хадаг, шинэ саасан сүү, халуун хошуут мал буюу хонь, морь багтдаг. Хэдийгээр цаг ирэх тусам бэлэг барих ёсон өөрчлөгдөж байгаа ч эртнээс нааш уламжилж ирсэн хадаг, аяга, цай нь нэн хүндэтгэлтэй бэлэг болно.

Эх сурвалж: Монгол орны лавлах

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!