Нуур голд мөнгө өргөдөг нь цаанаа учиртай. Буурал түүх сөхвөл Бадар Хундага ч бус эх ундарга болсон ямар ч ус, ямар ч нууранд мөнгөн аяга, мөнгөн ембүү өргөж шүншиглэдэг нь Эх нь цэвэр тунгалаг, Боргио нь хүчтэй, Ундарга нь ханамал байхыг тэтгэдэг Монгол ухаан юм.Бас далд ертөнцийн нарийн нууцуудтай ч холбоотой.
Тиймээс л “Дэлхийн усны эх”г хамгаалж, “Есөн мөрний айн” толгой дээр суусан Монголчууд зөвхөн өөрсдийн төлөө биш Дэлхийн түмний төлөө ус мөрнөө хамгаалж, урсац голдирлыг нь ундрааж ирсэн нь Тэнгэрийн даалгавар юм. Энэхүү хамгаалах аргын нэг нь мөнгөөр тэтгэх. Мөнгөний химийн шинжийг таньсан тулдаа тунгалаг байлгах, урсацыг нэмэгдүүлэх, хорыг цэвэрлэх, түгээн тэтгэх үүргээ л биелүүлж яваа нь тэр.
Энэ үүргээ умартсаны хохирол юу вэ? гэвэл Ганга нуураар жишээлж болно. Энэ гол ил, далдаараа Төвд, Хятад, Энэтхэг, Бангладеш зэрэг олон орноор дайран өнгөрч, олон зуун сая хүнийг ундаалсаар Номхон Далайд цутгадаг гэнэ. Гэтэл одоо ширгэж хатаад, 1000 хунгийн чуулган байтухай харахаас халшрам болжээ.
Мөнгө өргөх нь усны амь-Лустай холбоотой. Лус гээч нүдэнд үл харагдавч өөрийн гүйдлийн жимтэй, орон зайтай, орших өргөөтэй, хий биетэй нэгэн шүү дээ. “Хий биет амьтад болон онгодыг ХАЙРЛАХыг шүншиглэх” гэдэг. Ертөнцийн өөр аль ч улс түмэнд ийм ХАЙР үгүй. Монголчууд бид есөн ХАЙРын онолтой түмэн шүү.
Нуур далайд хөх лус оршдог гэнэ. Ус ундаргад хорлол үйлдэж, газрын судал тасалж, бузарласнаас үүдэлтэйгээр хөх лусын хорлол ирдэг юмсанж. Энэ үед хүмүний хөлсний булчирхай цочирч, шүүрэл тогтолцооны өвчлөл үүсч давжаардаг ба үржихүйн хүрд гэмтдэг.
Ингэхээр үлдэт хайрст яр, хатиг, идээ, бээр гарч биеэр хор гүйхээс авхуулаад хамгийн хөнгөн хэлбэр нь загатнаа маажуур. Нуруугаа маажуулах гээд л хүн ээрээд явдаг нөхөд энд багтана. Зарим хүмүүс загасны хайрс шиг тууралттай байдаг нь яалтчгүй лусын өвчин байдаг. Тос түрхээд илааршивч цаад хорлол нь байж л байна.
Удамшаад л явна. Хөх лус бөөрөнд суусан тохиолдолд хий дээш дэгдэж, саванд хий хурна. Сав мушгирч үр олохгүй. Тиймд лусын хилэн удамд ирж, үе дамжсанаар удам тасрах цөвтэй. Газрын судас тасарсан, нуралт үүссэн газраар туучаад өнгөрөхөд л жатганд өртдөг аж.
Энэ нь чи гэмгүй ч Хамтын хариуцлага гэж байдгийг “сануулж байгаа” хэрэг. Хар лусад мөнгө өргөхөд л халдварлах шинжийг арилгадаг. Мөнгө нь усанд уусч, халдваржих шинжийг дардаг ажээ. Лусыг мөнгөөр “хахуульдсан” гэж хялбараар нь ойлгоё. Гэхдээ бүх лус ийм биш л дээ.
“Дуут нуур” бол мөнгөөр биш дуугаар аргадуулдаг лустай. Сүсэггүй, сүнсгүй өнөө цагт харин аяга бус мөнгөө үртэслэн өргөх нь ээлтэй болж байх шиг. Тиймээс л өвгүд эмгүд “Учиргүй зүйл гэж үгүй” гэх жанжин шугамтай. Энэ шугам хазайх, алдагдахад гэсгээл ирнэ гэх цээртэй. “Лусын хорлол”, “лусын хараал”, “лусын өвчин” хэмээх анагаах ухаанд үл дийлдэх өвчлөлд өртөхгүй байхыг “Болдоггүй юм”, Тэгдэггүй юм”,”Муу ёр” гэх үгээр тэд хаадаг байж.
Лус усанд байхаас гадна хүнд ч байна. 70% ус гэдэг дээ. Тиймээс л “Энэ биеийн лусыг танихгүй бол эргэх дэлхийн лусыг танихгүй ээ” “Энэ биеэ засахгүй бол Эх дэлхийгээ засахгүй”, “Энэ биеэ хайрлахгүй бол эргэх дэлхийгээ хайрлахгүй”… гэх нь бүгд “Би”гээ танихаас үүдэлтэй.
Усны лус, уулын савдаг, энэ бие, эргэх дэлхий,одон гараг, огторгуй ертөнц, хорхой шавьж, хонь ямаа гээд бүгд хэмлэг орчинд хэлхэлдэн, сүнслэг оршихуйд сүлэлдэн цогцоороо оршдог нь одоо гайхах зүйл биш болжээ. Мартсаныг сануулж, мэдвэл зохихуйг таниулан байдаг Өвүг дээдсээ бид үнэлдэггүй ч “Хуучны үг худалгүй” л гэдэгсэн дээ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Мядагмаа Тэнгэр Монгол Газар