Home » Амь бүхэн үнэ цэнтэй

Амь бүхэн үнэ цэнтэй

by Aurora

Ер нь бол зургаан зүйл хамаг амьтны амь бүгд чухал үнэ цэнэтэй.Учир нь бүх амьтдад хиргүй тунгалаг гэгээн чанар байдаг. Тэр гэгээн чанар хэдэн сая, тэрбум, галав тоот жил дамжин хязгааргүй цаг хугацааны туршид хүний төрөл зэрэг дээд, доод ямар нэгэн төрлөөс нөгөөд дамжиж төрөвч устаж үгүй болдоггүй.

 

Зургаан зүйлийн амьд амьтан бүхэнд мунхагаас үүдэлтэй хүсэл тачаал, уур хилэн, тэнэг мунхаг, эргэлзээ, атаа хорсол, гутрал зэрэг бузар муу сэтгэлийн түйтгэр хэдий чинээ их байна төдий чинээгээр доод төрөлд төрж, төдий чинээ зовлонгийн үрээ эдлээд байгаа.

Харин алхам тутамдаа тэрхүү хилэнцийн түйтгэрийг арилгаад, ариусгаад байвал өөртөө бодь сэтгэл төрүүлж, билэг оюуны дээд түвшинд хүрэх уг шалтгаан гэгээн чанар амьтан бүгдэд байдаг. Тиймээс адгийн бузар муу санаа агуулсан, муу үйлдэл хийсэн хэнбугайд ч тэрхүү гэгээн чанар нь байж л байдаг учраас тэр чанарыг нь хүндэтгэж тийм санаа төрүүлж болохгүй гэсэн үг.

Тиймээс өөрийн болон бусдын амины энэхүү гэгээн чанарыг ойлгож, хүндэтгэх хэрэгтэй. Ялангуяа таван мэдрэхүй, оюун ухаан төгөлдөр хүн төрөл гэдэг тун онцгой.  Энэ төрлийг буюу хүний бие шүтээнийг олж төрснөөр атгаг, хилэнцийн муу үйлээс хагацааж, гэгээрлийн хутгийг олох боломжтой гэдгийг ойлгож, судлаж мэдэх, хэрэгжүүлэх нь чухал юм.

 

Тиймээс л хүний төрлийг олж төрнө гэдэг маш ховор, чухал боломж шүү, энэ төрлийн үнэ цэнийг сайтар мэдэж бушуу түргэн сайн үйлд шамдаарай л гээд байгаа юм. Амь бүхэн үнэ цэнтэй. Амь бүхэн үнэ цэнтэй. Амь бүхэн үнэ цэнтэй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Odontsetseg Ganbaatar “Одонцэцэг эмчийн зөвлөгөө” номоос

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!