Home » Чадваргүй хүн бусдад атаархдаг. Итгэлгүй хүн бусдыг харддаг. Өөдгүй хүн бусдыг үгүйсгэдэг

Чадваргүй хүн бусдад атаархдаг. Итгэлгүй хүн бусдыг харддаг. Өөдгүй хүн бусдыг үгүйсгэдэг

by Aurora

Үгээ олж хэлнэ гэдэг Боловсрол. Цагаа олж хэлнэ гэдэг Мэдрэмж. Eр нь хэлэх үү үгүй юу гэдгээ мэдэх нь Ухаан. Та хэн нэгнийг шүүмжилж байхдаа тэднийг тодорхойлж буй хэрэг бус харин өөрийгөө тодорхойлж байдаг. Уучил, гэхдээ тэд үүнийг хүртэх эрхтэй учраас биш, харин та амар тайван байх эрхтэй учраас л тэр.

 

Дургүйг чинь хамгийн ихээр хүргэдэг хүний үгийг маш сайн сонсож бай. Чамайг муулангаа муу муухай, чаддаггүй, мэддэггүйг чинь бүгдийг нь хэлж өгнө. Хожим хойно түүнээс илүү чамайг хурцалсан хүн үгүй байсныг чи ойлгоно. Хүнтэй сайхан мэндэлж сураарай. Уучлалт гуйж сураарай. Уучилж сураарай.

Өөр дээрээ бурууг авч сураарай. Эцэст нь талархаж сураарай. Өөрийгөө удирдахдаа толгойгоо, бусдыг удирдахдаа зүрх сэтгэлээ сонсож бай. Урам хугарах болгонд нүд бага багаар нээгдэж, сэтгэл бага багаар хаалгаа хаадаг. Бялдууч хүний хэлэнд нь бал, сэтгэлд нь хор байдаг юм.

Үр хүүхдээ үгийн дээдээр хэлвээс үйлс бүхэн нь өөдрөг байх болно. Төрсөн үрээ эерэгээр бодвоос төөрөг тавилан нь жаргалтай байх болно. Хэрэгцээ нь дуусахаар харилцаа нь дуусдаг хүмүүсийг хүн хог гэнэ. Чамайг хайрладаг гэр бүл, идэх хоол, орох орон байхад чи бодсоноосоо ч илүү баян гэсэн үг. Үг үйлдэл нь хоорондоо зөрдөггүй байх нь хамгийн зөв ёс суртахуун.

 

Чулуу удаан хормойлж явбал хормой цоордог шиг. Гомдол удаан тээж явбал сэтгэл цоорох биз. Сэтгэл гэдэг хааяа даа хэт эмзэгхэн ч тэвчээр хатуужлын мод мэт цагийн урсгалд ер ажрахгүй туулаад гардаг. Эхнэрээ сайхан байлгах нь нөхрийн ухаан. Эхийгээ тайван байлгах нь хүүхдийн ухаан.

Хүмүүс ганцаараа үлдсэн хэн нэгнийг л ганцаарддаг гэж боддог. Гэвч бодит байдал дээр таарамжгүй хүмүүсээр хүрээлүүлсэн хүн л хамгийн их ганцаарддаг. Амьдралынхаа агшин бүрийг ухамсарлан өнгөрөө. Өнгөрсөн дөө бүү ээрэгд. Ирээдүйд санаа зовниж сэтгэлээ бүү чилээ.

Энэхэн мөчдөө үнэнээр амьдар. Мэдлэг боловсрол багшаас хүртэнэ. Суурь хүмүүжил эцэг эхээс өвлөгдөнө. Ухамсар сэтгэлгээ өөрөөс хамаарна. Хүнлэг сэтгэл эцэг эхээс сурна. Сэтгэх чадвар багшаас үүдэлтэй. Хүн чанар өөрөөс үүсэлтэй.

 

Хэлээгүйг чинь хэлсэн болгож, хийгээгүйг нь хийсэн болгож чадах итгэлгүй хүмүүсийн дэргэд үг, үйлдлээ цэгнэ. Хэн нэгэнд зориулж чадах хамгийн үнэ цэнэтэй бэлэг бол түүнд хандуулах анхаарал хийгээд зарцуулж буй цаг хугацаа болой. Тэнэгтээ биш тэвчээртэйдээ дуугүй байж. Буруутай даа биш, бусдыг хүндлээд үгээ залгидаг.

Мянган лааг ч ганцхан ширхэг лаагаар асааж болно. Тэгсэн ч тэр лааны гэрэл үл хорогддог. Үүний нэгэн адил аз жаргалыг бусадтай хуваалцсанаар таны гэрэл багасахгүй. Иймд гэрэл гэгээтэй бүхнийг бусдад түгээж яваарай. Биеийнхээ бохироос салъя гэвэл хоол хүнсээ цэгцэл. Бага ид, мацаг барь.

Сэтгэлийнхээ бохирыг хөөе гэвэл өрөөлийг бус өөрийгөө шинж. Ахуйн бохироос хагацъя гэвэл авах бус хөнгөл.  Шингээж дийлэхгүй хоол хүнс, эмхрээгүй эрээн бодол, хөглөрсөн тавилга, зохих, эс зохих овоолсон хувцас, шунан хүсэх эдээс хагацсан цагт хүн хязгааргүй эрх чөлөө, сэнгэнэсэн цэвэр мэдрэмжийг авч чаддаг юм аа.

 

Хоол хүнс нь шим болж, орон гэр нь өргөө болж, хувцас эд нь чимэг болж, үг бодол нь ашдын билэг дагуулдаг болтлоо цэгцрэхэд хугацаа хэрэгтэй. Өрөөлийг шиншвээс энүүхэндээ, өөрийг шинжвээс тэртээд хүрнэ. Өөрөө хохирсон ч юу ч болоогүй мэт байна гэдэг төлөвшил.

Өөрт нь хүний муугаар хандсан ч өмнөх шигээ байж чадаж байна гэдэг сэтгэл. Хэн ч хамтрахгүй үед ч гоншигнолгүйгээр урагшилна гэдэг хатуужил. Муу хэлүүлж байсан ч тоохгүй ажлаа хийсээр байх нь бахархал. Ядарч байсан ч бусдыг инээмсэглэн сонсоно гэдэг хүндлэл.

Өөрт байхгүй ч бусдад туслахын төлөө хичээнэ гэдэг өгөөмөр сэтгэл. Хүндлэгдэх тусам даруухан амьдарна гэдэг зөв хүмүүжил. Мэдэхгүй юмаа бусдаас асууна гэдэг даруу зан. Үргэлж суралцаж, өөрийгөө хөгжүүлнэ гэдэг хичээл зүтгэл. Чадваргүй хүн бусдад атаархдаг. Итгэлгүй хүн бусдыг харддаг. Өөдгүй хүн бусдыг үгүйсгэдэг. Ажилгүй хүн бусдыг муулдаг. Бусдыг таньдаг хүнийг ухаантан. Өөрийгөө таньсан хүнийг гэгээнтэн гэх.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj “Сэтгэлээ нээхүй”

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!